Дуучин СиЛо Грин (CeeLo Green) болон продюсер Дэнжер Маус (Danger Mouse) нарын бүрэлдэхүүнтэй, Грэммийн шагналт Gnarls Barkley хамтлаг 18 жилийн дараа анх удаа аялан тоглолтоо хийх гэж байна. Тэд Хойд Америкийн есөн хотоор бие даасан тоглолтоо хүргэхээр төлөвлөжээ.
“To Whom It Still Concerns” нэртэй уг аялан тоглолт нь тэдний гурав дахь бөгөөд сүүлийн цомог болох “Atlanta” цомгийг дэмжих зорилготой юм. Энэхүү цомог нь өнгөрсөн гуравдугаар сард гарсан бөгөөд 2008 онд гарч байсан “The Odd Couple” цомгийн үргэлжлэл болжээ. Хамтлагийн 2006 онд гаргасан “St. Elsewhere” анхны цомогт багтсан “Crazy” дуу нь тухайн үедээ Billboard Hot 100 чартын 2-р байранд хүрч, Их Британийн чартыг есөн долоо хоногийн турш тэргүүлж байсан билээ.
Тайзан дээр ихэвчлэн өвөрмөц хувцас өмсөж үзүүлбэрээ үзүүлдэг Gnarls Barkley хамгийн сүүлд 2008 оны есдүгээр сарын 28-нд Austin City Limits наадам дээр амьд тоглолт хийж байжээ. Уран бүтээлчид гурав дахь цомгоо хийх төлөвлөгөөтэй байсан ч амьдрал болон бусад бүтээлч ажлууд саад болж, улмаар өнгөрсөн жил хамтлагийнхаа эцсийн бүлгийг бичихээр дахин нэгдсэн байна.
Live Nation-оос зохион байгуулж буй 2026 оны аялан тоглолт 11 дүгээр сарын 5-нд Сан-Францискогийн The Masonic-оос эхэлж, 11 дүгээр сарын 28-нд Чикаго хотын House of Blues-т өндөрлөх юм. Тасалбарын худалдаа 9 дүгээр сарын 24-ний пүрэв гарагт албан ёсоор эхэлнэ.