Технологийн томоохон компани болох Google хиймэл оюун ухаанаар (AI) үүсгэсэн зураг, бичлэг, дуу авиаг таних зориулалттай SynthID Detector хэрэгслээ шинэчлэн сайжруулж байгаагаа зарлалаа.

Энэхүү шинэчлэлтээр зөвхөн Google-ийн өөрийн загваруудаар хязгаарлагдахгүй бөгөөд OpenAI, NVIDIA болон Kakao зэрэг компаниудын AI загвараар бүтээгдсэн зураг, бичлэг, дууны файлуудыг илрүүлэх хүрээгээ тэлсэн байна. Түүнчлэн тун удахгүй Apple компанийн хиймэл оюун ухаанаар бүтээсэн медиа контентуудыг ч таньдаг болно гэж Google мэдэгдлээ.

SynthID хэрхэн ажилладаг вэ?

Google-ийн AI загварууд контент бүтээхдээ хүний нүдэнд үл үзэгдэх тусгай дижитал усны тэмдгийг (watermark) файлд шингээдэг. Харин SynthID хэрэгсэл нь энэхүү далд тэмдгийг илрүүлж, тухайн контент нь хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн эсвэл засварлагдсан эсэхийг хэрэглэгчдэд мэдээлдэг байна.

Google-ийн мэдээлснээр, 2023 онд уг хэрэгслийг танилцуулснаас хойш нийт 180 тэрбум гаруй зураг, бичлэг болон 240,000 жилийн урттай тэнцэх хэмжээний аудио контентод усны тэмдэг суулгажээ.

Хэрхэн ашиглах вэ?

SynthID Detector-ийг ашиглахын тулд synthid.com цахим хуудсанд зочлон өөрийн Google, Apple эсвэл ChatGPT хаягаараа нэвтрэх шаардлагатай. Үүний дараа шалгуулахыг хүссэн медиа файлаа хуулж оруулснаар тус систем нь SynthID усны тэмдэг байгаа эсэхийг шалгаж, хиймэл оюунаар бүтээгдсэн эсэхийг нь харуулах болно.

Гэхдээ нэг чухал зүйлийг анхаарах хэрэгтэй: SynthID Detector нь бүх төрлийн хиймэл оюуныг шууд таньдаг хэрэгсэл биш юм. Энэ нь зөвхөн тодорхой AI загваруудын файлд суулгасан нууц далд тэмдгийг л илрүүлдэг. Хэрэв таны оруулсан AI бүтээлд SynthID-ийн усны тэмдэг шингээгүй бол уг систем тухайн контентыг AI мөн эсэхийг тогтоож чадахгүй.