Дэлхийд алдартай панк рок хамтлаг болох Green Day-н уран бүтээл болон тэдний амьдралын бодит түүхээс сэдэвлэсэн "Nimrods" нэртэй шинэ кино удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байна. Live Nation Studios-той хамтран бүтээсэн энэхүү кино нь наймдугаар сарын 14-нд кино театруудад гарах юм.

Киноны үйл явдал Green Day хамтлагийн гишүүд болох Томми болон Фред нарын аялан тоглолтын үеэрх адал явдлуудыг харуулдаг. Тэд Green Day хамтлагийн өмнө тоглохоор улс даяар аялахдаа мөнгө олох гэж хичээх, бартаатай замаар явах, эргэлзээтэй зочид буудалд хоноглох зэрэг олон бэрхшээлтэй тулгардаг. Хамтлагийн басс гитарчин Майк Дирнт-ийн хэлснээр, тус кинонд тэдний залуудаа фургон машинаар аялан тоглолт хийж байсан бодит амьдралаас сэдэвлэсэн олон нууцлаг түүхүүд шингэсэн аж.

Хамтлагийн дуучин Билли Жо Армстронг өөрсдийн туулсан хүнд хэцүү үеийн талаар хуваалцахдаа, тэд анхны аялан тоглолтоо номын сангийн машин зэрэг олон төрлийн хуучин тээврийн хэрэгслээр хийж байснаа дурсжээ. Тэрээр киноны үйл явдалд гардаг ахынхаа машиныг хулгайлах хэсэг нь өөрийнх нь бодит амьдралаас сэдэвлэсэн гэдгийг онцолсон байна.

Кинонд мөн Green Day хамтлагийнхан өөрсдийн дүрээр оролцдог бөгөөд тэдний залуу насны бэрхшээлүүд болох хулгайд өртөх, мөнгөгүй болох зэрэг үйл явдлуудыг дүрсэлжээ. Тухайлбал, Алабамад тоглолт хийхдээ хүмүүсээс хуучин хувцас гуйж авч байсан эсвэл гэрт нь тоглолт зохион байгуулж байсан зэрэг дурсамжууд нь кинонд багтсан байна. Мөн киноны нэр нь Green Day-н 1997 онд гаргасан алдарт цомогтой ижил нэртэй юм.

Түүнчлэн, тус кинонд шинээр гарч ирж буй The Linda Lindas болон The Paradox зэрэг хамтлагуудыг онцолсон байна. Билли Жо Армстронг залуу хөгжимчдөд хандан, мөрөөдлөө дагаж, үргэлж хөгжим тоглохыг зөвлөжээ.