Дэлхийд алдартай панк рок Green Day хамтлагийн гоцлол дуучин Билли Жо Армстронг өөрийн хөгжмийн өвөрмөц дуугаралтыг бүрдүүлдэг хоёр гол хэрэгслийг шинэчлэн танилцууллаа. Тэрээр хязгаарлагдмал тоогоор үйлдвэрлэгдэх Radiant Red өнгийн Epiphone Billie Joe Armstrong Les Paul Junior гитар болон өөрийн нэрэмжит анхны Marshall 1959BJA Artist Signature өсгөгчийг гаргахаар болсон байна.

Шинэ гитар нь Армстронгийн олон жилийн турш ашиглаж ирсэн энгийн бөгөөд хүчтэй дуугаралтыг илэрхийлэх зориулалттай. Энэхүү загвар нь нэг ширхэг P-90 PRO пикап, дууны түвшин болон өнгө тохируулагч, мөн Lightning Bar гүүртэй бөгөөд тод улаан өнгөөр хийгджээ. Гитарын толгойн хэсэгт дуучны гарын үсэг байх бөгөөд ирвэсийн арьсан хээтэй доторлогоо бүхий хар өнгийн хайрцаг дагалдах юм.

Түүнчлэн Marshall брэнд 14 жилийн хугацаанд анх удаа уран бүтээлчийн нэрэмжит өсгөгчийг бүтээсэн нь энэхүү 1959BJA загвар болж байна. Цэнхэр өнгөтэй энэхүү өсгөгч нь 1994 онд гарсан “Dookie” цомгийн дуугаралтаас сэдэвлэсэн “Dookie Mod”-ыг багтаажээ. Өсгөгчийн өнгө нь Армстронгийн карьерын эхэн үед ашиглаж байсан “Blue” хэмээх наалттай гитарыг бэлгэддэг байна.

Армстронг энэ талаар "Миний шүтээнүүдийн ашигладаг байсан Marshall өсгөгч миний нэрэмжит болсонд маш их баяртай байна" хэмээн мэдэгдлээ.

Green Day хамтлагийн тухайд, тэд ирэх долдугаар сарын 31-нд гарах "Nimrods" инээдмийн киноны дууны цомог дээр ажиллаж байна. Энэхүү цомогт хамтлагийн шилдэг дуунууд, амьд тоглолтын бичлэгүүд болон "I’m Never Gonna R.I.P" хэмээх шинэ дуу багтах юм. Хамтлагийн хамгийн сүүлийн студийн цомог болох "Saviors" энэ оны нэгдүгээр сард худалдаанд гарсан билээ.