Grand Theft Auto цувралын шинэ бүтээл болох GTA 6 тоглоомд машин хулгайлах, банк дээрэмдэх зэрэг үйлдлүүдээс гадна тоглогчид ном, сэтгүүл эргүүлэн унших боломжтой болжээ. Тоглоомыг хөгжүүлэгч Rockstar компани өөрсдийн зохиомол Леонида мужийг төрөл бүрийн ном, комикс болон сэтгүүлээр дүүргэсэн байна.

Power Pyx-ийн мэдээлснээр тоглоомд унших боломжтой нийт 34 цуглуулга багтжээ. Эдгээрийн 27 нь сэтгүүл, ном болон комиксын ангилалд багтаж байгаа бол үлдсэн 7 нь замын хажуугийн жижиг номын сангуудад (Book Swaps) байрласан байна. Тоглогчид эдгээрээс дайны сэдэвт зохиол, гэмт хэргийн дурсамж, зөвлөгөө номын пародиос эхлээд шинжлэх ухааны уран зөгнөлт, адал явдалт зохиолуудын богино хэсгийг унших боломжтой юм.

Тухайлбал, Key Lento дахь Жейсоны гэрт гэмт хэргийн тухай өгүүлэх Lethal by Design номын 7-р бүлгийн 6 хуудас байх бол түүний орны дэргэд Дэлхийн II дайны тухай Ashes of Glory ном байна. Мөн цэргийн хүний амьдралын өвөрмөц зөвлөгөөг өгүүлсэн ORCA: A Whole Different Animal нэртэй шог ном болон фитнесс инфлюенсерийн өглөөний хэвшил, бясалгалын талаар бичсэн Body Copy сэтгүүл багтжээ.

Үүнээс гадна замын дагуу байрлах жижиг номын сангууд өөр өөрийн загвартай байна. Жишээлбэл, яст мэлхийн хэлбэртэй тавиурт Killer Prom, гэрэлт цамхгийн хэлбэртэй тавиурт Goodnight, Dollface, Goodnight, завин хэлбэртэйд нь Humanity vs Space, харин авсны хэлбэртэй номын тавиурт Badlands Revenge номууд байрлажээ. Мөн тоглоомын радио сувгаар романтик уран зөгнөлт номын зар явдаг бөгөөд арын хашааны номын клуб хүртэл байдаг байна.