Grand Theft Auto VI тоглоомын талаарх урьдчилсан тойм болон Rockstar-ийн танилцуулгуудаас харахад уг бүтээлд өдөр тутмын, маш энгийн үйл явдлууд олноор багтаж байгаа нь анхаарал татаж байна.
Эхний ээлжийн мэдээллүүдээс үзвэл тоглоомын гол дүр болох Жэйсон өөрийн байшингаа засах боломжтой аж. Дээврийн цоорхой нөхөх, довжооны хашлага болон шат янзлах, унтлагын өрөөний хана будах зэрэг засварын ажлууд нь зөвхөн үзэмж төдий биш бөгөөд Жэйсоны хамтрагч, дурлалт бүсгүй болох Люсиад таалагдах сайн талтай гэнэ.
Байгаль ажиглах болон өдөр тутмын сонирхолтой боломжууд
Rockstar Games сүүлийн үеийн тоглоомууддаа байгалийн орчныг бодит мэт бүтээхэд анхаардаг болсон бөгөөд GTA 6-д энэ нь улам бүр өргөжжээ. Тухайлбал, тоглоом дотор дуран ашиглан нийт 62 төрлийн шувууг ажиглаж, байгалийн тэмдэглэлийн дэвтэртээ бүртгэх боломжтой юм байна.
Мөн дүрээрээ орон дээр хэвтэнгээ утаснаасаа зохиомол сошиал медиа аппликейшнуудыг гүйлгэж харах үйлдлийг хийж болох аж. Үүнээс гадна GTA 6-д нохой төдийгүй муур энхрийлэх боломж ч мөн багтсан байна.