Дэлхийн видео тоглоомын салбарын хамгийн их хүлээлт үүсгээд буй Grand Theft Auto VI тоглоомын бичлэгүүд цахим орчинд задарсаар байна. Өнгөрсөн долоо хоногийн турш өөрийгөө Cyberleek хэмээн нэрлэсэн нууц этгээд тоглоомын ертөнц болон механизмыг харуулсан богино, спойлероос ангид бичлэгүүдийг нийтэлж байсан юм.
Гэвч Rockstar Games компани уг задарсан мэдээллүүдтэй холбогдуулан мэдэгдэл гаргасны дараа нөхцөл байдал өөрчлөгдлөө. Cyberleek сүрдүүлгийнхээ дагуу тоглоомын гол дүр Люсиа Каминос (Lucia Caminos)-ын оршил хэсгийн дөрвөн минут хагасын бичлэгийг Телеграм сувагтаа нийтэлсэн байна. Мөн тэрээр удахгүй Люсиагийн оролцсон илүү олон бичлэг цацна гэдгээ амлажээ.
Хоёр жилийн өмнө гарсан анхны трейлер болон албан ёсны зурагт Люсиа улбар шар өнгийн хоригдлын хувцастай гарч байсан нь нууц биш байсан юм. Харин шинээр задарсан бичлэг нь дүрийн шоронд байсан болон суллагдсан үеийн үйл явдлын нарийн ширийн спойлеруудыг илчилсэн байна.
Үүний зэрэгцээ Dazed сэтгүүл тоглоомын талаарх албан ёсны урьдчилсан мэдээллийг хүргэжээ. Тус сэтгүүлд дурдсанаар, тоглогчид шоронгоос дөнгөж гарсан тулаанч гэгдэж буй Люсиа болон Жейсон Дювал (Jason Duval) нарын хооронд ямар ч саадгүйгээр шилжин тоглох боломжтой аж. Түүнчлэн дүрүүдийг бие даан эсвэл хос хэлбэрээр удирдан тоглуулах боломжтойг мэдээлсэн байна.
Тоглоомын үйл явдлыг урьдчилж мэдэхийг хүсэхгүй байгаа тоглогчдод сэрэмжлүүлэг болгон мэдээлэхэд Cyberleek спойлеруудаа улам идэвхтэй цацаж эхэлжээ. Харин албан ёсны урьдчилсан тоймыг үзэхийг хүсвэл маргааш Netflix дээр нээлтээ хийх дэлгэрэнгүй танилцуулгыг үзэх боломжтой юм.