Хүлээлт өндөртэй байгаа Grand Theft Auto VI тоглоомын богино бичлэгүүд цахим орчинд бараг өдөр бүр цацагдсаар байна. Энэхүү бичлэгүүдийг дэлгэж буй нэрээ нууцалсан Cyberleek хэмээх бүлгийг Rockstar Games өөрсдөө зохион байгуулж, тоглоомын маркетингийн нэг хэсэг болгон ашиглаж байж болзошгүй гэсэн таамаглалыг зарим шүтэн бишрэгчид дэвшүүлж эхэлжээ.
Шүтэн бишрэгчдийн дэвшүүлсэн таамаглалууд
Reddit зэрэг платформ дээрх хэрэглэгчдийн үзэж буйгаар Cyberleek бүлэг өдөрт нэгээс хоёр бичлэг нийтэлж байгаа нь төлөвлөгөөт маркетингийн хуваарийг санагдуулж байгаа аж. Мөн цацагдаж буй бичлэгүүд нь голчлон тоглоомын механик дээр төвлөрч, 11 дүгээр сард төлөвлөгдсөн нээлтэд сөргөөр нөлөөлөхүйц үйл явдлын (story) хэсгүүдийг бараг дэлгэхгүй байгааг тэд онцолсон байна.
Түүнчлэн бичлэг дээрх тоглолт нь онц сонирхолтой газруудыг шалгахгүй өнгөрөх, мөргөлдөөн, дэлбэрэлт зэрэг GTA-ийн гол хэсгүүдийг харуулахаас зайлсхийсэн шинжтэй байгаа юм. Зарим тоглогчид Cyberleek гэх нэр болон түүний ашиглаж буй лого нь Rockstar Games-ийн тоглоом доторх дүр эсвэл хакер бүлгийн загвартай төстэй санагдаж байна хэмээн таамаглаж байна. Одоогийн бичлэгүүдээс харахад тус бүлэгт тоглоомын ажилладаг хувилбар байгаа байж болзошгүй бөгөөд хэрэв тийм бол өөрсдийн хүссэн бараг бүх бичлэгээ бэлтгэх боломжтой юм.
Маркетингийн таамаг яагаад няцаагдаж байна вэ?
Гэсэн хэдий ч байгаа баримтууд нь Rockstar Games эдгээр алдагдлын ард байхгүйг хүчтэй харуулж байна. Нэгдүгээрт, Cyberleek бүлэг өөрийн нэртэй мемкойныг байнга сурталчилж, дараагийн бичлэгийг сонгох санал асуулгад оролцохын тулд тус койноо ашиглахыг шаардаж байгаа юм. Rockstar Games шиг том компани ихэвчлэн луйвар, санхүүгийн эрсдэлтэй холбогддог мемкойныг маркетингийн зорилгоор сурталчлах нь маш, туйлын бага магадлалтай билээ.
Түүнчлэн хамгийн том баримт нь, Take-Two Interactive болон Rockstar Games компаниуд өнгөрсөн долоо хоногт GTA 6-ийн мэдээлэл алдагдсантай холбогдуулан холбооны шүүхэд албан ёсны дуудан ирүүлэх мэдэгдэл (subpoena) гаргасан явдал юм. Энэ нь шүтэн бишрэгчдийн дунд гарсан дээрх маркетингийн хуйвалдааны таамгуудыг няцааж байх шиг байна.