Хөгжмийн хэмнэлт тоглоомын ертөнцөд шинэ хуудас нээхээр зэхэж буй Stage Tour тоглоомын хөгжүүлэгчид өөрсдийн тоглолтод багтах дуунуудын жагсаалтыг танилцууллаа. Энэхүү тоглоом нь олон жилийн өмнө гарч байсан алдарт Guitar Hero цувралын үргэлжлэл гэгдэж байна.
RedOctane студийн хөгжүүлэгчид өмнө нь Guitar Hero, DJ Hero эсвэл Rock Band цувралуудаас тэс өөр, цоо шинэ зүйл бүтээж байгаагаа мэдэгдсэн юм. Одоогоор тоглоомын дууны жагсаалтад Radiohead, The Cure, Bad Omens, Slipknot, Paramore зэрэг дэлхийд алдартай хамтлаг, уран бүтээлчдийн дуунууд багтсан нь тодорхой болоод байна.
Тоглоомын албан ёсны жагсаалтад Slipknot хамтлагийн 'Psychosocial', The Cure хамтлагийн 'Just Like Heaven', Radiohead хамтлагийн 'Just' зэрэг олон төрлийн рок, метал болон альтернатив урсгалын бүтээлүүд багтжээ. Хөгжүүлэгчдийн мэдээлснээр, тус тоглоом нь рок дуунуудаас гадна орчин үеийн олон улсын хит дуунуудыг багтаасан нь хөгжим сонирхогч олон үеийнхнийг нэгтгэх зорилготой аж.
Stage Tour нь энэ онд багтаан PC болон төрөл бүрийн консол төхөөрөмжүүд дээр нээлтээ хийхээр төлөвлөгдөж байна. Тоглоомыг PC-ийн гар болон гитар, басс, бөмбөр, дуу хоолойны оролттой тусгайлан бүтээгдсэн тоног төхөөрөмжүүдээр тоглох боломжтой юм.