АНУ-ын Калифорни мужийн Холливуд дахь Avalon театрт 11 дүгээр сарын 18-ны лхагва гарагт 17 дахь удаагийн Hollywood Music in Media Awards (HMMA) наадам амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү наадам нь кино, телевиз, видео тоглоом болон бусад визуал медиа салбарын хөгжмийн зохиолчид, дуу зохиогчдыг алдаршуулдаг уламжлалтай.

Энэ үдшийн гол ялагчдын нэгээр Тейлор Свифт болон продюсер Жек Антонофф нар тодорлоо. Тэдний хамтран бүтээсэн, “Toy Story 5” хүүхэлдэйн киноны “I Knew It, I Knew You” бүтээл анимэйшн киноны шилдэг дуугаар шалгарсан юм. Тейлор Свифт тус наадмаас анхны шагналаа хүртэж байгаа бөгөөд уг арга хэмжээнд бичлэгээр талархлын үгээ илгээжээ. Тэрээр тухайн үдэш Нэшвилл хотод болсон CMA Awards наадамд оролцохоор төлөвлөгдсөн байсан байна.

Мөн нэрт хөгжмийн зохиолч Людвиг Йоранссон “The Odyssey” киноны хөгжмөөр бүрэн хэмжээний киноны шилдэг хөгжмийн шагналыг хүртлээ. Энэ нь түүний тус наадмаас авч буй найм дахь цом бөгөөд энэ ангилалд хоёр дахь удаагаа түрүүлж буй нь энэ юм. Тэрээр өмнө нь “Sinners” бүтээлээрээ тус шагналыг авч, улмаар Оскар болон Алтан бөмбөрцөг хүртэж байжээ.

Бусад онцлох ялагчид

Түүнчлэн домгийн дуу зохиогч Дайан Уоррен “Maserati: The Brothers” киноны “One Right Here” дуугаараа гурав дахь HMMA шагналаа хүртсэн байна. Видео тоглоомын төрөлд дуучин Лана Дел Рей болон Дэвид Арнольд нар “007 First Light” тоглоомын “First Light” дуугаараа шилдгээр шалгарчээ. Харин “Assassin’s Creed Black Flag Resynced” төслийн хөгжмийн зохиолч Брайан Тайлер, Стефен Лукач нар шилдэг тоглоомын хөгжмийн эзэд болсон юм.