BTS, KATSEYE, ENHYPEN, SEVENTEEN зэрэг уран бүтээлчдийг эгнээндээ нэгтгэсэн HYBE компани болон CAA нар стратегийн түншлэл байгуулснаа даваа гарагт хамтран зарлалаа. Энэхүү хэлэлцээрийн хүрээнд HYBE нь өөрийн уран бүтээлчид, оюуны өмч болон брэндүүдийнхээ хүртээмжийг нэмэгдүүлэхийг зорьж байна.

Хоёр тал брэндийн хамтын ажиллагаа, амьд тоглолт болон арга хэмжээ, лиценз, мерчандайзинг, спорт, контент бүтээх чиглэлээр хамтрах юм. Түүнчлэн уг хамтын ажиллагаа нь HYBE-ийн үйл ажиллагаа өргөн хүрсэн Солонгос, Япон, Хятад, Энэтхэг болон Америк тивийн зах зээлүүдийг хамарна.

Хамтын ажиллагааны зорилго

HYBE-ийн гүйцэтгэх захирал Жэйсон Жэсан Ли уг түншлэл нь уран бүтээлчдийнхээ бүтээлч боломжийг тэлэх чухал алхам болохыг онцолсон байна. Тэрээр дэлхийн сүлжээ болон давуу талуудаа нэгтгэснээр уран бүтээлчдийн үнэ цэнийг өсгөх зорилготой байгааг дурджээ.

Харин CAA-ийн гүйцэтгэх захирал бөгөөд хамтарсан дарга Брайан Лурд тус бүс нутаг дахь өөрсдийн туршлага, харилцаандаа тулгуурлан HYBE-ийн уран бүтээлчдийг үзэгчидтэй холбоход дэмжлэг үзүүлэхдээ таатай байгааг илэрхийлсэн байна.

Санхүүгийн үзүүлэлт болон сүүлийн үеийн үйл явдлууд

Энэхүү хэлэлцээр нь HYBE-ийн гуравдугаар улирлын санхүүгийн өндөр үзүүлэлтийн дараа хийгдэж байна. Тус компани энэ улиралд 1.5257 их наяд солонгос вон (1.135 тэрбум ам.доллар)-ын орлого олсноо тайлагнасан юм. Нийт орлогын 70 хувийг буюу 1.0753 их наяд воныг (800.06 сая ам.доллар) бичлэгтэй хөгжим, концерт, уран бүтээлчдийн оролцсон арга хэмжээ болон сурталчилгааны орлого бүрдүүлжээ.

HYBE өнгөрсөн аравдугаар сард Global Label Services-ийн ерөнхийлөгчөөр Хуан С. Аренасыг томилсон бөгөөд анхны латин поп лейбл болох TRU Records-ийг үүсгэн байгуулж, Сантос Бравостой гэрээ байгуулснаа зарлаад байсан юм.