Америкийн залуу үеийн дуртай рэп дуучдын нэг Ice Spice-ийг Холливудын McDonald's-д халдсан хэрэг гарчээ. Энэ тухай дуучны хуульч Брэдфорд Коэн Billboard сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурдсан байна.
Түүний хэлснээр, халдлага гэнэтийн шинжтэй байсан бөгөөд ямар нэгэн өдөөн хатгалга байгаагүй аж. Хуульч Коэн халдлага үйлдсэн этгээдүүд хариуцлага хүлээх болно гэдгийг онцолж, тэдний зураг олон нийтийн сүлжээнд тархахаас илүүтэй цагдаагийн газрын мэдээллийн санд л хадгалагдах болно гэж анхааруулжээ.
Ice Spice (жинхэнэ нэр нь Исис Найжа Гастон)-ийн хувьд 2000 онд төрсөн, Нью-Йорк хотоос гаралтай, 2022 оноос хойш хит болсон дуунуудаараа залуусын дунд алдартай болсон реппер юм. Түүний дуунууд TikTok зэрэг сошиал медиа платформуудад маш их тархсан бөгөөд Cardi B, Nicki Minaj зэрэг алдартай репперүүдтэй хамтран ажиллаж байсан.
Энэхүү халдлагын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд цагдаагийн байгууллагаас ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна. Хэргийн талаарх мэдээллийг uujim.com сайтаар үргэлжлүүлэн хүргэх болно.