Дэлхийн сонгодог болон поп урсгалыг хослуулагч алдарт Il Divo хамтлаг 2021 онд гишүүн, испани баритон хоолойт Карлос Мариныг гэнэтийн байдлаар алдсан нь тэдний хувьд хамгийн хүнд цохилт болсон юм. Тус хамтлагийн үлдсэн гишүүд болох Урс Бюлер, Себастьян Изамбард, Дэвид Миллер нар гашуудлын хүнд үеийг туулсны эцэст хамтлагаа үргэлжлүүлэхээр шийджээ.
Хамтлагийн гишүүн Себастьян Изамбард “Карлос бидэнтэй хамт байсан бол үргэлжлүүлэхийг л хүсэх байсан” хэмээн дурссан байна. Ийнхүү тэд Мексик-Америк гаралтай баритон хоолойт Стивен ЛаБри-г шинэ гишүүнээр элсүүлж, хамтлагийнхаа хоёр дахь үеийг эхлүүлжээ. Дэвид Миллер Стивен ЛаБригийн хоолойг сонсоод шууд биширсэн гэдгээ хуваалцсан бөгөөд шинэ гишүүний хувьд ч энэ нь амаргүй үүрэг байсныг онцолсон юм.
2003 онд Саймон Коуэллын үүсгэн байгуулсан Il Divo хамтлаг 30 сая гаруй цомог борлуулж, олон улсын чартуудыг тэргүүлж байсан түүхтэй. Тэд 2024 онд хамтлагийнхаа 20 жилийн ойд зориулсан XX цомгоо гаргасан бол одоо шинэ уран бүтээл дээр ажиллаж байна. Урс Бюлерийн хэлснээр, тэд шинэ дуунуудаа гаргаж, дэлхий даяар аялан тоглолт хийхээр төлөвлөж байгаа аж.
Түүнчлэн, Il Divo хамтлаг удахгүй Австрали улсад болох томоохон тоглолтод оролцохоор бэлтгэж байна. Хосе Каррерасын тэргүүлж буй уг тоглолтод Робби Уильямс, Ронан Китинг зэрэг алдартнууд оролцох бөгөөд энэ нь Il Divo-гийн хувьд шинэ эриний эхлэл болох юм. Дэвид Миллер “Il Divo хамтлаг ‘Гурван тенор’-гүйгээр оршин тогтнох боломжгүй байсан” хэмээн онцлоод, Маэстро Каррераст талархаж буйгаа илэрхийлжээ.