Америкийн алдарт рок хөгжимчин Жек Уайт (The White Stripes хамтлагийн гоцлол гитарчин, дуучин гэдгээрээ олонд танигдсан) Дональд Трампыг Христэд итгэгчдийг төлөөлөх эрхгүй хэмээн хатуу шүүмжилжээ.

Тэрээр өөрийн цахим хуудсандаа урт мэдэгдэл нийтэлж, Трампын үйлдлүүд нь Христийн шашны үнэт зүйлсэд харш байгааг онцолсон байна. Ялангуяа Трампыг өөрийгөө Есүстэй зүйрлэж, Ромын Пап ламтай зөрчилдсөнийг Жек Уайт “бурхныг гутаасан хэрэг” хэмээн үзжээ.

“Христэд итгэгчид иймэрхүү гутамшигт үйлдлүүдийг хэрхэн дэмжиж байгааг би ойлгохгүй байна. Трамп Христийн шашныг өөрийн улс төрийн зорилгодоо ашиглаж байна” гэж тэр бичжээ. Мөн тэрээр Христэд итгэгчдийг илүү ухаалаг байж, Трампын хуурамч үйлдлүүдийг танихыг уриалсан байна.

Жек Уайтын мэдэгдэл олон нийтийн сүлжээнд өргөн тархаж, Трампыг дэмжигчид болон шүүмжлэгчдийн дунд маргаан дэгдээжээ. Зарим нь түүнийг үгээ хэлэх эрхтэй хэмээн дэмжиж байгаа бол зарим нь хөгжимчнийг улс төрд хэт оролцож байна хэмээн буруутгаж байна.