Хип хоп хөгжмийн томоохон төлөөлөгч Jay-Z өөрийн 30 жилийн уран бүтээлийн түүх, өвийг баталгаажуулсан тоглолтоо Лондонд толилууллаа. Тэрбээр өнгөрсөн долдугаар сард Нью-Йоркийн “Yankee Stadium”-д гурван өдрийн тоглолт хийж, анхны цомог болох Reasonable Doubt-ийн 30 жил болон The Blueprint цомгийнхоо 25 жилийн ойг тэмдэглэсэн юм. Нью-Йорк дахь тоглолтод Beyoncé, Alicia Keys, Usher, Eminem, Nas, Pharrell Williams, Rihanna, Slick Rick зэрэг одод оролцож, Billboard-ийн Анжел Диаз уг шоуг “мастер класс” хэмээн үнэлсэн байдаг.

Энэ удаад Jay-Z Тоттенхэм Хотспур цэнгэлдэх хүрээлэнд 9 дүгээр сарын 4 болон 5-ны өдрүүдэд Их Британи дахь энэ оны цорын ганц тоглолтуудаа хийлээ. Энэ нь түүний хувьд 2018 онд эхнэр Beyoncé-тэй хамтарсан “On The Run II” аялан тоглолтоос хойш тус улсад хийсэн анхны үзүүлбэр бөгөөд 2013 оны “Magna Carta World Tour”-оос хойших анхны бие даасан тоглолт нь болж байна.

Эхний үдэш жүжигчин Идрис Элбагийн үгээр эхэлж, Лорин Хилл, Вайклеф Жан нар нэгдэн “Fugees”-ийн дуунуудаас хүргэсэн бөгөөд Giggs “Talkin’ Da Hardest” дуугаа дуулжээ. Мөн тусгай өрөөнөөс тоглолт үзэж байсан эхнэр Beyoncé-дээ зориулан бүхэл бүтэн цэнгэлдэхээрээ “Төрсөн өдрийн дуу”-г дуулсан байна. Харин хоёр дахь өдрийн тоглолтод зөвхөн Sampha болон Dave нар тайзан дээр гарч, өмнөх өдрөөс харьцангуй тайван уур амьсгалтай өнгөрсөн ч 30 жилийн уран бүтээл нь үдшийг бүрэн чимж чадсаныг Billboard онцолжээ.