Рок хөгжмийн Journey хамтлагийн бөмбөрчин Дин Кастроново эрүүл мэндийн асуудалдаа анхаарал хандуулахын тулд салах ёс гүйцэтгэх аялан тоглолтоосоо түр хугацаанд завсарлага авч буйг хамтлагийн зүгээс баасан гарагт албан ёсоор зарлалаа.
Хамтлагийн гаргасан мэдэгдэлд, бүтэн жилийн турш үргэлжилсэн өргөн хүрээний аялан тоглолтын дараа тэрбээр хувийн эрүүл мэнддээ анхаарал хандуулахаар шийдвэрлэснийг онцолсон байна. Түүнчлэн хамтлагийн гишүүд түүнийг бүрэн дэмжиж байгаа бөгөөд Дин Кастроново өөрт нь хайр, урам зориг өгсөн нийт шүтэн бишрэгчиддээ чин сэтгэлийн талархал илэрхийлснийг уламжилжээ.
Кастроновогийн оронд 11 дүгээр сарын үлдсэн хугацаанд Нью-Йоркийн бөмбөрчин Стив Мерфи тоглохоор болсон байна. Мерфи нь өмнө нь Alan Parsons Project, Trans-Siberian Orchestra зэрэг төслүүдтэй хамтран ажиллаж байсан туршлагатай аж.
Өнгөрсөн аравдугаар сарын 8-нд Тулса хотын BOK Center-т болсон тоглолтын үеэр Кастроново хоёр дуу дуулсны дараа тайзнаас бууж, эмнэлэгт хүргэгдэж байсан юм. Хэдийгээр тэрбээр хоёр хоногийн дараа Сан-Антониод болсон тоглолтод бүрэн оролцсон боловч түүний өвчний талаарх нарийн мэдээллийг хамтлаг болон Кастроновогийн зүгээс дэлгээгүй байна.
Өдгөө 62 настай Дин Кастроново нь 1998 онд Journey хамтлагт анх нэгдэж, 2015 он хүртэл таван цомогт ажиллаж байгаад 2021 онд эргэн ирсэн юм. Хамтлагийн "The Final Frontier" аялан тоглолт 11 дүгээр сарын 28-нд Сан-Франциско хотын Chase Center-т өндөрлөнө.