K-pop ертөнцийн сурталчилгааны арга барил улам бүр өвөрмөц болсоор байна. SM Entertainment-ийн шинэхэн охидын хамтлаг болох Hearts2Hearts өөрсдийн хоёр дахь мини цомог болох «Lemon Tang»-ийн сурталчилгааны хүрээнд нимбэгний дүртэй «Танги» хэмээх сахиусыг сансар луу илгээжээ.
Энэхүү ер бусын аялал нь «Missing Tangy» буюу «Тангиг хайж байна» хэмээх олон нийтийн сүлжээний нууцлаг кампанит ажлын оргил хэсэг байв. Фэнүүд нь хэдэн долоо хоногийн турш нимбэгний дүртэй уг сахиусыг хайж, сураг гаргах зэргээр идэвхтэй оролцсон байна. Эцэст нь уг сахиус сансарт аялж байгаа нь тодорхой болжээ.
Сансрын маркетингийн «Sent Into Space» компанитай хамтран хэрэгжүүлсэн энэхүү төслийн хүрээнд инженерүүд Тангид зориулан тусгай нислэгийн суудал бүтээж, аюулгүйн бүс болон 3D хэвлэгчээр хийсэн зүрхэн хэлбэртэй нарны шилийг зүүлгэжээ.
Тусгайлан бэлтгэсэн устөрөгчөөр дүүргэсэн бөмбөлөг Тангиг дэлхийн агаар мандлын 99.5 хувиас дээш буюу 33 км-ээс илүү өндөрт хөөргөсөн байна. Ойролцоогоор 90 минутын турш агаарт мандах үед бөмбөлөг нь Цагаан ордны өндөртэй тэнцэхүйц хэмжээтэй болж томорсон бөгөөд төлөвлөгөөний дагуу хагарч, Танги шүхрийн тусламжтайгаар эргэн газарджээ. Нийт нислэг 3 цаг орчим үргэлжилсэн байна.
«Sent Into Space» компанийн төслийн удирдагч, доктор Крис Роуз хэлэхдээ, Тангиг сансарт хөөргөх нь тэдний хувьд сонирхолтой ажил байсныг дурдаад, уг нимбэг аялалын төгсгөлд зугтаж одсон хэмээн тоглоом шоглоомоор ярьжээ. Энэхүү үйл явдлыг бүхэлд нь дүрс бичлэгээр баримтжуулсан нь K-pop хамтлагуудын фэнүүдээ татах, тэдэнтэй харилцах шинэ арга барил улам бүр өргөжин тэлж байгааг харуулж байна.