Олон улсын бүрэлдэхүүнтэй KATSEYE хамтлаг NBC телевизийн алдарт Saturday Night Live (SNL) шоунд есдүгээр сарын 26-ны бямба гарагт анх удаагаа оролцлоо. Тэд тус шоуны тайзнаа өнгөрсөн наймдугаар сард гарсан таван дуутай “Wild” нэртэй богино хэмжээний цомгийнхоо (EP) “Animal” болон “Hootie Frutti” дуунуудыг дуулж сонирхуулсан байна.
Хамтлагийн зургаан гишүүний дөрөв нь энэхүү тоглолтод оролцсон бөгөөд гишүүн Манон Баннерман болон София Лафортеза нар сэтгэцийн эрүүл мэндээ шалтгаалан түр хугацаанд завсарлага аваад байгаа юм. “Wild” цомогт эдгээр дуунаас гадна “Pinky Up”, “Bel Air”, “That Way” зэрэг уран бүтээлүүд багтжээ. Тэд өмнө нь наймдугаар сард “The Tonight Show Starring Jimmy Fallon” шоунд оролцож, “Today” зуны концертын цувралд багтаж байсан бол энэ удаагийн SNL-ийн гараа нь АНУ-ын үндэсний телевизийн бас нэгэн томоохон үйл явдал боллоо.
KATSEYE хамтлаг нь ердөө хоёр жилийн өмнө K-pop-ийн HYBE болон Universal Music Group-ийн Geffen Records-ийн хамтран зохион байгуулсан “Dream Academy” реалити шоунаас төрөн гарсан юм. АНУ болон дэлхийн өнцөг булан бүрээс шалгарсан зургаан гишүүнтэй тус хамтлаг 2024 онд “SIS (Soft Is Strong)” анхны EP-гээ цацаж, 2025 онд гаргасан хоёр дахь EP болох “Beautiful Chaos”-оороо томоохон амжилтад хүрсэн билээ. Тус цомог Billboard 200 жагсаалтын 4-р байранд бичигдэж, бүтэн жил гаруй хугацаанд уг жагсаалтад багтсан төдийгүй тэд 68 дахь удаагийн Грэммийн наадамд “Шилдэг шинэ уран бүтээлч”, “Шилдэг поп дуэт/хамтлагийн үзүүлбэр” төрөлд нэр дэвшсэн юм.
Харин тэдний хамгийн сүүлд гаргасан “Wild” цомог нь эхний долоо хоногтоо 170,000 нэгжтэй (units) дүйцэх үзүүлэлтээр Billboard 200 жагсаалтыг тэргүүлж, хамтлагийн хувьд шинэ амжилт тогтоосон байна. Эд Шираны хамтран бичсэн “Animal” дуу нь Hot 100 жагсаалтын 24-р байранд бичигджээ. Энэ онд Spotify дээр сард 30 сая гаруй сонсогчтой болж байсан тус хамтлаг одоогоор 31 тоглолттой “Wildworld Tour” аялан тоглолтоо үргэлжлүүлж байгаа бөгөөд Европын орнуудаар эхэлсэн уг аялал аравдугаар сард Хойд Америкт үргэлжилж, арваннэгдүгээр сарын сүүлээр Мексик хотод өндөрлөх юм.