АНУ-ын Цинциннати орчимд зохион байгуулагдахаар товлогдсон, консерватив үзэлтнүүдийн Freedom Fest наадам ердөө зургаан ширхэг VIP тасалбар зарагдсаны улмаас цуцлагдсан тухай тус арга хэмжээг зохион байгуулагч Эрик Дитерс мэдээллээ.

Энэ жилийн арга хэмжээний бүрэлдэхүүнд дуучин Kid Rock болон АНУ-ын Конгрессын гишүүн Жэймс Комер нар оролцохоор төлөвлөгдөөд байсан юм. Харин өмнөх жилүүдэд Эрик Трамп, Дональд Трамп Жр болон Кэндис Оуэнс нар уг наадамд оролцож байжээ.

Зохион байгуулагч Эрик Дитерс Даваа гарагт (9-р сарын 21) хийсэн Facebook шууд бичлэгийнхээ үеэр уг шийдвэрийг зарласан байна. Тэрээр The Cincinnati Enquirer сонинд мэдээлснээр, байнга харилцдаг 100 хүндээ 1000 ам.долларын үнэтэй VIP тасалбар зарж, наадмын зардлыг нөхөх төлөвлөгөөтэй байсан ч хүлээлтэд нь хүрээгүй аж. Тэрээр үүнд бухимдаж, чинээлэг хүмүүсийн талаар сөрөг сэтгэгдэл илэрхийлсэн байна.

Хэдийгээр тухайн шууд бичлэг нь устсан бололтой байгаа ч, Дитерс дараа нь хийсэн өөр нэг лайваараа хэвлэл мэдээллийнхний мэдээлэлд шүүмжлэлтэй хандаж, арга хэмжээ цуцлагдсан нь олон нийтийн сонирхол татаагүйдээ биш гэдгийг онцолжээ. Тэрээр олон нийтэд үнэ төлбөргүй хүргэдэг уг наадмын зардлыг төлөх санхүүжилт л асуудал болсон гэдгийг тайлбарласан байна. Түүнчлэн наадам цуцлагдсан нь дуучин Kid Rock-той ямар ч холбоогүй болохыг Дитерс онцлон тэмдэглэжээ.