Калифорни мужийн Анахайм хотод зохион байгуулагдаж буй “Disney”-н жил тутмын “D23” фэн арга хэмжээний үеэр олон сонирхолтой шинэ кино, төслүүд зарлагдлаа. Үүний дундаас онцлох нэгэн мэдээлэл нь Kingdom Hearts видео тоглоомоос сэдэвлэсэн аниме телевизийн цувралыг бүтээж, Disney+ стриминг платформ болон Disney Channel телевизийн сувгаар удахгүй үзэгчдэд хүргэх болсон тухай зарлал байв.
“Kingdom Hearts” нь “Final Fantasy”, “Dragon Quest” зэрэг тоглоомуудыг хөгжүүлсэн Square Enix компанийн бүтээсэн, дэлхий даяар асар олон шүтэн бишрэгчтэй видео тоглоомын цуврал юм. Уг тоглоомд Сора хэмээх залуу хүү Дональд Дак, Гүүфи нарын хамт адал явдалд гарч буй тухай өгүүлдэг. Мөн Микки Маус тэргүүтэй “Disney”-н олон дүрүүд болон эсрэг талын дүрүүд тоглоомын явцад байнга гардаг онцлогтой билээ.
Шинэ өнгө төрх ба тоглоомын төлөвлөгөө
“Disney”-н мэдээлснээр уг аниме цуврал нь дэлхийн сая сая шүтэн бишрэгчдийн хайрыг татсан дүрүүдийг шинэ өнцгөөр харуулахын сацуу “Kingdom Hearts”-ын ертөнцийг тэлэх цоо шинэ түүхийг өгүүлэх аж. Уг бүтээлийг видео тоглоомын бүтээгч Тэцүя Номүра болон “Square Enix” компанитай хамтран “Disney” хөгжүүлж байна.
Энэхүү төслийн талаар “Disney Kids & Family”-н ерөнхийлөгч Айо Дэвис хэлэхдээ, шүтэн бишрэгчдийн олон жилийн турш тоглоомоор дамжуулан судалсан ертөнцийг цоо шинэ байдлаар амьдруулж буйдаа баяртай байгаагаа илэрхийлжээ.
Үүнээс гадна “D23” арга хэмжээний үеэр цувралын дараагийн анги болох Kingdom Hearts 4 видео тоглоом 2027 оны сүүлчээр худалдаанд гарахаар товлогдсон тухай мэдээлсэн юм. Мөн уг зарлалын өмнөхөн “Disney” хөрөнгө оруулагчдын цахим хуудсаараа дамжуулан “Kingdom Hearts”-ийг нэг тэрбум долларын франчайз (billion-dollar franchise) болсныг зарлажээ. Одоогоор шинэ аниме телевизийн цуврал яг хэзээ цацагдах тодорхой хугацааг зарлаагүй байна.