Алдарт KISS хамтлагийг үүсгэн байгуулагч, басс гитарчин бөгөөд дуучин Жин Симмонс Олон улсын энтертайнмент худалдан авагчдын холбооноос (IEBA) олгодог насан туршийн амжилтын шагнал хүртэхээр болжээ. Шагнал гардуулах ёслол 2026 оны аравдугаар сарын 6-ны мягмар гарагт Нашвилл хотын “The Pinnacle”-д болох “IEBA 2026 Honors & Awards”-ын үеэр зохион байгуулагдах юм.
Энэхүү арга хэмжээ нь аравдугаар сарын 4-нөөс 6-ны өдрүүдэд үргэлжлэх тус холбооны 56 дахь удаагийн жилийн чуулга уулзалтын оргил хэсэг байх бөгөөд өдрийн хөтөлбөрүүд нь “Grand Hyatt Nashville”-д, оройн арга хэмжээнүүд нь “The Pinnacle”-д тус тус болох хуваарьтай байна.
Жин Симмонс KISS хамтлагийг дэлхийн хэмжээний үзэгдэл болгон хувиргахад гол үүрэг гүйцэтгэсэн билээ. Тус хамтлаг нь 2014 онд “Rock & Roll Hall of Fame”-д залагдаж, улмаар 2025 онд “Kennedy Center Honors” шагналыг хүртэж байв. IEBA-ын гүйцэтгэх захирал Брайан Вагнер түүний талаар дурдахдаа: “Жин Симмонс бол IEBA-ын Насан туршийн амжилтын шагналаар үнэлэхээр зорьсон тэрхүү урт хугацааны үнэ цэн, нөлөөллийг бүрэн илэрхийлдэг. KISS зөвхөн шилдэг дууны сан үүсгээд зогсохгүй амьд тоглолтын цар хүрээ, боломжуудыг бүхэлд нь өөрчилсөн” хэмээн онцолсон байна.
Түүнчлэн энэхүү ёслолын үеэр 2026 оны IEBA-ын Алдрын танхимд домогт уран бүтээлч Чабби Чекер болон энтертайнмент салбарын ахмад мэргэжилтэн Гил Каннингем нарыг албан ёсоор залах аж. Чабби Чекер нь Billboard Hot 100 чартыг тэргүүлсэн “The Twist” болон “Pony Time” хэмээх хоёр ч хит дуутай уран бүтээлч бөгөөд 2025 онд “Rock & Roll Hall of Fame”-д багтсан юм. Харин Гил Каннингем нь амьд энтертайнмент салбарт 37 гаруй жил ажиллаж, IEBA болон Кантри хөгжмийн академиас (ACM) олон удаагийн шагнал хүртэж байсан нөлөө бүхий эрхэм билээ.