Металкор урсгалаар уран бүтээлээ туурвидаг Кентаккийн Knocked Loose хамтлаг болон Флоридагийн рэппер Denzel Curry нар хамтран гаргасан 'Hive Mind' дуугаа анх удаа амьдаар олны хүртээл болголоо. Энэхүү гэнэтийн тоглолт Нью-Йоркийн Брүүклин дэх Substance Skatepark-д болсон байна.
Хоёр уран бүтээлчийн хувьд уг дуугаа хоёрдугаар сард гаргасан бөгөөд Knocked Loose-ийн хүнд металкор хэмнэл болон Denzel Curry-ийн хурдтай рэп урсгалыг хослуулснаараа онцлог юм. Тоглолтыг ердөө нэг хоногийн өмнө зарласан бөгөөд уг арга хэмжээнд Нью-Йоркийн Combust хамтлаг мөн оролцжээ.
Knocked Loose хамтлагийн тоглолтын үеэр Denzel Curry тайзан дээр гарч ирэн Bryan Garris-тай хамт 'Hive Mind' дуугаа дуулсан бөгөөд энэ үеэр цугларсан олон нийт мошинг хийж, crowd-surfing буюу олны гар дээр дамжин хөвөх үзэгдлүүд өрнөсөн байна. Хамтлагийн ахлагч Bryan Garris-ийн хувьд тус дууг бүтээхдээ Denzel Curry-г хамгийн тохиромжтой уран бүтээлч гэж үзэн, түүнтэй хамтрахыг удаан хугацаанд төлөвлөж байсан гэдгээ онцолжээ.
Энэхүү тоглолт нь Knocked Loose хамтлагийн хувьд 2024 оны 'You Won't Go Before You're Supposed To' цомгоо гаргаснаас хойшх шинэ уран бүтээлийн идэвхтэй үеийн нэг хэсэг юм. Түүнчлэн Knocked Loose болон Denzel Curry нар есдүгээр сарын 26-наас эхлэн Хойд Америкийн 'Hive Mind' нэртэй хамтарсан аялан тоглолтоо эхлүүлэхээр төлөвлөж байна.