Nu-metal урсгалын томоохон төлөөлөгч, KoRn хамтлагийн гоцлол дуучин Жонатан Дэвис өөрийн хамтрагч Бриттани Париситай гэрлэсэн байна. Хосууд 2019 оноос үерхэж эхэлсэн бөгөөд жилийн өмнө сүй тавьж байжээ.
Тэдний хуримын ёслол 7-р сарын 3-ны өдөр Калифорни мужийн Палос Вердес хотод болсон байна. Хуримын ёслолын сэдвийг Италийн зураач Сандро Боттичеллигийн 14-р зууны сүүл үеийн алдарт бүтээл болох «Венерагийн мэндэлсэн нь» (The Birth of Venus) зургаас санаа авч зохион байгуулжээ. Бриттани Париси өнгөрсөн жилийн 6-р сард Жонатан Дэвис яг энэ зургийн өмнө сэтгэлээ илэрхийлж, гэрлэх санал тавьсан нь түүний хувьд мөрөөдлийн мөч байсан гэдгийг онцолсон байна.
Ёслолд KoRn хамтлагийн гишүүд болох Жеймс «Манки» Шаффер, Брайан «Хед» Уэлч, Роберто «Ра» Диаз болон Рэй Лузиер нарын 80 орчим зочин оролцжээ. Хуримын үеэр тогооч Селестино Драгогийн бэлтгэсэн таван төрлийн хоолны цэсээр дайлж, гайхрын хөгжимчин Аарон Шоу ая дуугаа өргөсөн байна. Хосууд анхны бүжгээ Лана Дель Рейн «Young and Beautiful» дуун дээр бүжиглэжээ.
Сонирхолтой нь, Жонатан Дэвисийн хуримын ёслол болсон өдөр Тейлор Свифт болон Травис Келси нар Нью-Йоркийн «Madison Square Garden»-д хуримаа хийсэн байна.
Хуримын дараахан Жонатан Дэвис хөгжимчин Ёшикитэй хамт тайзан дээр гарч, өөрсдийн алдарт «Freak On A Leash» дууг найрал хөгжмийн найруулгаар дуулжээ. KoRn хамтлагийн хувьд дөрвөн жилийн дараа анхны шинэ дуугаа гаргасан бөгөөд удахгүй Их Британи болон Европын орнуудаар аялан тоглолт хийхээр төлөвлөж байна.