Дэлхий даяар үзэгчдийн таашаалд нийцээд буй KPop Demon Hunters кино нь зөвхөн дэлгэцийн бүтээлээр хязгаарлагдахгүй, өөрийн гэсэн өвөрмөц бараа бүтээгдэхүүний цуглуулгыг өргөжүүлсээр байна. Өмнө нь тус киноны Mattel хүүхэлдэй, Squishmallows тоглоом, Vans пүүз зэрэг бүтээгдэхүүнүүд гарч байсан бол одоо Nongshim компанитай хамтран киноны гол дүрүүд болох HUNTR/X хамтлагийн гишүүдээс сэдэвлэсэн бэлэн гоймонгуудыг танилцууллаа.
Өмнөд Солонгосын алдарт Nongshim компани нь киноны баатрууд болох Руми, Зои, Мира нарын өвөрмөц онцлог, хэв маягийг илэрхийлсэн савлагаатай гоймонгуудыг худалдаанд гаргажээ. Киноны үйл явдалд HUNTR/X хамтлагийн гишүүд концерт болон чөтгөр ангуучлах ажлынхаа хажуугаар хамтдаа гоймон идэж буй хэсгүүд гардаг нь энэхүү хамтын ажиллагааны гол сэдэв болсон байна.
Цуглуулгад багтсан амтууд:
- Руми: Халуун ногоотой, утсан махны амттай "Superstar" гоймон.
- Зои: Гамбургерын амтыг санагдуулам, бага зэрэг халуун ногоотой "Burger Hero" гоймон.
- Мира: Уламжлалт халуун ногоотой амтыг илэрхийлэх "Spicy Queen" гоймон.
Мөн эдгээрээс гадна HUNTR/X брэнд бүхий үхрийн махны амттай Shin Ramyun гоймон худалдаанд гарсан байна. Эдгээр бүтээгдэхүүнийг Америкийн зах зээлээс онлайнаар худалдан авах боломжтой болжээ.