Бельгийн хамгийн том олон улсын кино наадам болох “Film Fest Gent”-ийн хүрээнд зохион байгуулагдсан 2026 оны World Soundtrack Awards (WSA) ёслолын ажиллагаа Бямба гарагт (10-р сарын 10) Гент хотын “Music Centre De Bijloke”-д болж өндөрлөлөө.
Энэхүү наадмын шилдэг киноны дуу (Best original song) төрөлд “KPop Demon Hunters” бүтээлийн “Golden” дуу ялагчаар тодорчээ. Өнгөрсөн өвөл “Алтан бөмбөрцөг”, “Грэмми” болон “Оскар” зэрэг томоохон шагналуудыг хүртээд байсан уг бүтээл ийнхүү дахин нэр хүндтэй шагналын эзэн болов. Тус дууг Ким Ин Жэ (Kim Eun-jae), Марк Сонненблик (Mark Sonnenblick), Жун Гю Квак (Joong Gyu Kwak), Ю Хан Ли (Yu Han Lee), Хи Дун Нам (Hee Dong Nam), Жон Хүн Со (Jeong Hoon Seo) болон Тедди Парк (Teddy Park) нар бичиж, HUNTR/X (EJAE, Audrey Nuna, REI AMI) дуулсан бөгөөд Billboard Hot 100 чартыг найман долоо хоногийн турш тэргүүлж байсан амжилттай юм.
Наадмын бусад гол номинацуудын тухайд:
* Оны шилдэг киноны хөгжмийн зохиолч: Их Британийн хөгжмийн зохиолч Дэниел Пембертон (*Project Hail Mary*, *The Drama*, *The Bad Guys 2*, *Masters of the Universe* бүтээлүүдээр)
* Оны шилдэг телевизийн хөгжмийн зохиолч: Жефф Руссо (*Alien: Earth*, *Cape Fear*, *Citadel* 2-р улирал)
* Оны шилдэг нээлт (Discovery of the Year): Ханна Пил (*Midwinter Break*)
* Үзэгчдийн нэрэмжит шагнал (Public Choice Award): Кевин Смитерс (*Soy Frankelda*)
* Шилдэг залуу хөгжмийн зохиолчийн бүтээл: Шабиер Дурал Гарсиа тус тус хүртсэн байна.
Гурван өдөр үргэлжилсэн тус арга хэмжээний үеэр олон улсын кино болон хөгжмийн салбарын мэргэжилтнүүд киноны хөгжим бичих урлагийн талаар хэлэлцүүлэг, воркшоп өрнүүлсэн юм. Наадмын сүүлийн өдөр шагнал гардуулах ёслолоос гадна тусгай зочин Хилдур Гуднадоттир болон Насан туршийн гавьяаны шагналт Тревор Жонс нарын сонгомол бүтээлийг Брюсселийн филармони, удирдаач Дирк Броссегийн удирдлага дор эгшиглүүлсэн амьд тоглолтоор өндөрлөжээ.