АНУ-ын алдарт L7 хамтлагийн басс гитарчин, дуучин, ая зохиогч Женнифер Финч 59 насандаа таалал төгсжээ. Тэрээр тархины хорт хавдрын эсрэг тэмцэж байсан бөгөөд харамсалтайгаар амьсгал хураасан байна.
L7 хамтлагийн зүгээс гаргасан албан ёсны мэдэгдэлд “Бидний хайртай хамтлагийн гишүүн, эгч дүү, дотны найз Женнифер Финчийг алдсандаа маш их цочирдож байна. Түүний ширүүн зан чанар, хошин шогийн мэдрэмж, хязгааргүй бүтээлч байдал нь L7-г төлөвшүүлж, бидний амьдралыг үүрд өөрчилсөн” хэмээн дурсжээ. Мөн түүнийг өөрийн гэсэн өвөрмөц ертөнцтэй, урлаг болон хөгжмийн салбарт асар их нөлөө үзүүлсэн нэгэн байсныг онцолсон байна.
Женнифер Финч нь 1985 онд Лос-Анжелес хотод байгуулагдсан L7 хамтлагийн үндсэн бүрэлдэхүүнд багтаж, 90-ээд оны үед альтернатив рок хөгжмийн урсгалд хүч түрэн гарч ирсэн юм. Тэрээр “Pretend We’re Dead”, “Shove”, “Andres”, “Fuel My Fire” зэрэг алдартай дуунуудаараа дамжуулан панк, метал, гранж урсгалыг хослуулсан өвөрмөц хэв маягийг бүтээлцсэн билээ. Түүний оролцсон 1992 оны “Bricks Are Heavy” цомог нь хамтлагийн түүхэн дэх хамгийн чухал бүтээлүүдийн нэгд тооцогддог.
Хөгжмийн салбараас гадна Финч нь гэрэл зурагчин, зохиолч, дүрслэх урлагийн уран бүтээлчийн хувиар өөрийгөө сорьж, олон талт бүтээлч амьдралаар амьдарч байв. Түүнийг нас барахаас өмнө биеийн байдал нь хүндэрч, мэс засалд орсны улмаас хамтлагийнхаа удахгүй болох тоглолтод оролцох боломжгүй болсон байсан юм.