АНУ-ын алдарт рок хамтлаг L7-ийн гишүүн, басс гитарчин Женнифер Финч таалал төгссөн харамсалтай мэдээг хамтлагийн зүгээс олон нийтэд зарлалаа. Тэрээр тархины хорт хавдартай тэмцэж байсан бөгөөд 59 насандаа хорвоог орхисон байна.
Hамтлагийн зүгээс гаргасан мэдэгдэлд “Бидний хайртай хамтлагийн гишүүн, эгч дүү, найз Женнифер Финчийг алдсандаа маш их цочирдож байна. Түүний хурц ухаан, хошин шогийн мэдрэмж, бүтээлч байдал нь L7 хамтлагийг төлөвшүүлж, бидний амьдралыг үүрд өөрчилсөн” хэмээн дурсжээ. Түүнийг хөгжим, урлаг болон таньж мэддэг байсан хүн бүхэнд асар их нөлөө үзүүлсэн жинхэнэ өвөрмөц уран бүтээлч байсан гэдгийг хамтлагийнхан нь онцолсон байна.
Женнифер Финч нь 1987 онд L7 хамтлагт нэгдсэн цагаасаа эхлэн хамтлагийн үндсэн бүрэлдэхүүний чухал хэсэг байсаар ирсэн юм. Тэрээр хөгжмийн салбараас гадна гэрэл зурагчин, зохиолч, дүрслэх урлагийн чиглэлээр ажиллаж байсан олон талт уран бүтээлч байв. Мөн тэрээр “OtherStarPeople”, “The Shocker” зэрэг хамтлагуудад тоглож, “Little Pusher Records” бие даасан хөгжмийн студийг үүсгэн байгуулж байжээ.
Түүний өвчний онош тодорхой болсны дараа L7 хамтлаг АНУ-д хийхээр төлөвлөсөн “Last Hurrah Tour” аялан тоглолтоосоо түүнийг хасахаас өөр аргагүй болсон юм. Гэсэн хэдий ч Финч өөрийн хамтлагийн гишүүдийг төлөвлөгөөний дагуу тоглолтоо үргэлжлүүлэхийг хүсэж байжээ. Түүний эмчилгээний зардалд зориулж найз нөхөд болон гэр бүлийнхэн нь хандив цуглуулах аяныг өрнүүлж байсан бөгөөд Garbage, R.E.M хамтлагийн Майкл Стайп, Tool хамтлагийн Мэйнард Жэймс Кинан зэрэг олон алдартай уран бүтээлчид түүнийг дэмжин оролцож байв.