Латин Америкийн дуу бичлэгийн академи (Latin Recording Academy) Лас Вегас хотод болсон “Latin Grammy Week”-ийн үеэр 2026 оны Leading Ladies of Entertainment хүндэтгэлийн арга хэмжээгээ зохион байгууллаа. Энэхүү ёслолоор салбартаа манлайлж буй нөлөө бүхий эмэгтэйчүүдийг онцолсон байна.
Энэ жилийн шагналтнуудаар “Sony Music Entertainment Latin Iberia”-ийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Мариа Фернандес, “YouTube”-ийн Латин Америк болон АНУ-ын латин хөгжим хариуцсан захирал Сандра Хименез, “Latin Grammy”-ийн 5 удаагийн шагналт продюсер, дуу зохиогч бөгөөд дууны инженер Саломе Лимон, мөн 6 удаагийн “Latin Grammy” шагналт, Испанийн дуучин, дуу зохиогч Niña Pastori (Мариа Роса Гарсиа) нар тодорлоо. Мягмар гарагт (11-р сарын 10) зохион байгуулагдсан тус арга хэмжээнд Эрика Эндер, Лесли Грейс зэрэг уран бүтээлчид болон салбарын бусад төлөөллүүд оролцжээ.
Үүнээс гадна Испанийн Хөгжмийн академиас “Universal Music Latin America & Iberian Peninsula”-ийн тэргүүн бөгөөд гүйцэтгэх захирал Хесус Лопесийг 2026 оны Хүндэт академичаар өргөмжилсөн байна. Уран бүтээлчдийг хөгжүүлэх, дуу бичлэгийн салбарыг шинэчлэх болон испани хэл дээрх хөгжмийг дэлхийд таниулахад оруулсан хувь нэмрийг нь үнэлж энэхүү шагналыг Мадридын “Teatro Real”-д гардуулан өгчээ.
Мөн “Latin Grammys Week”-ийн хүрээнд Лас Вегас дахь “Wynn Golf Club”-т GET YOURS INVITATIONAL тэмцээн анх удаа боллоо. Спорт, энтертайнмент болон сайн үйлсийг хослуулсан уг арга хэмжээнд Ленни Таварес, The Warning хамтлаг зэрэг зочид оролцсон бөгөөд Латин Америкийн эмзэг бүлгийн хүүхдүүд, гэр бүлүүдэд тусалдаг “All God’s Children International” (AGCI) байгууллагад дэмжлэг үзүүлсэн байна.