Дэлхийн алдартай «Life Is Strange» тоглоомыг дэлгэцийн бүтээл болгох ажил эхэлснээс хойш үзэгчид болон тоглоомчдын анхаарлыг ихээр татаж байна. Amazon Prime Video-ийн захиалгаар бүтээгдэж буй уг цувралын талаар төслийн хамтран үүсгэн байгуулагч Майк Голдберг байр сууриа илэрхийлжээ.

Тоглоомын гол онцлог нь тоглогчийн гаргасан шийдвэрээс хамааран өрнөл өөрчлөгддөг явдал юм. Гэвч телевизийн цуврал нь ийм эрх чөлөөг олгох боломжгүй бөгөөд бүтээгчид тодорхой нэг «канон» буюу албан ёсны үйл явдлын дарааллыг сонгох шаардлагатай болж байна. Энэ талаар Майк Голдберг «In The Lab» подкастад ярихдаа, «Бид үйл явдлыг хэрхэн өрнүүлэхээс үл хамааран өөр сонголт хийхийг хүсэж байсан хүмүүсийг сэтгэл дундуур үлдээх болно» хэмээн мэдэгджээ.

Тус цувралыг «Kaos» болон «The End Of The F****g World» зэрэг алдартай бүтээлүүдээрээ танигдсан Чарли Ковелл бичиж, ерөнхий продюсераар ажиллаж байна. Төслийг Square Enix компани, Марго Роббигийн Lucky Chap** продакшн болон Story Kitchen хамтран хэрэгжүүлж байгаа юм. Цувралын үйл явдал гэрэл зураг сонирхогч Макс хэмээх охин цаг хугацааг ухраах чадвартай болох, улмаар найз Клоутайгаа хамт сургуулийн сурагчийн алга болсон нууцыг тайлахаар оролдох тухай өгүүлнэ.

Бүтээгчдийн зүгээс тоглоомыг тоглож үзсэн хүмүүст ч сонирхолтой, шинэлэг байлгахыг зорьж байгаагаа онцолсон байна. Чарли Ковелл «Life Is Strange» цувралын бүх тоглоомыг тоглож үзсэн бөгөөд Square Enix-тэй нягт хамтран ажиллаж байгаа аж. Хэрэв эхний улирал амжилттай болбол Макс болон Клоугийн түүхээс гадна тоглоомын ертөнцийн бусад үйл явдлуудыг үргэлжлүүлэн дэлгэцэд гаргах боломжтой гэдгийг Майк Голдберг дурджээ. Цувралын зураг авалт энэ сард эхлэхээр төлөвлөгдөж байна.