Эмэгтэйчүүдийн мэргэжлийн гольфын холбоо буюу LPGA наймдугаар сарын сүүлээр болсон FM Championship-ийн үеэр тамирчдадаа 2027 оны урьдчилсан хуваарийг танилцуулжээ. Golfweek сэтгүүлийн сэтгүүлч Бет Энн Николсын мэдээлснээр уг хуваарьт Лас Вегас дахь Aramco Championship болон Дандональд Линкс талбайд болдог ISPS Handa Women’s Scottish Open тэмцээнүүд тусгагдаагүй байна.

Хэдийгээр LPGA албан ёсоор халааг нь зарлаагүй байгаа ч Scottish Open-ийн оронд PIF London Championship тэмцээнийг хуваарьт оруулахаар хүлээгдэж буйг Golfweek дурджээ. 1980-аад оны дунд үеэс эхлэлтэй тус тэмцээн 2017 оноос хойш LPGA-ийн хамтарсан статустай болж, сүүлийн жилүүдэд Ария Жутанугарн, Стейси Льюис, Аяка Фуруэ, Селин Бутье болон энэ жил 2 сая ам.долларын шагналын сантай тэмцээнд түрүүлсэн Женни Шин зэрэг олон шилдэг тамирчин аваргын цом өргөсөн түүхтэй.

Гэвч санхүүгийн асуудал энэ шийдвэрт нөлөөлсөн байж болзошгүй гэж үзэж байна. Golfweek-ийн тэмдэглэснээр сүүлийн жилүүдэд уг тэмцээний зардлыг нөхөхийн тулд LPGA татаас олгоход хүрсэн аж. Шотландын засгийн газрын дэмжлэгтэйгээр тэмцээнийг зохион байгуулдаг IMG агентлаг шийдлийг хайж байна. Тэмцээний захирал Харри Оуэн Golfweek-д өгсөн тайлбартаа: "Бүх хамтрагчдад тохирох шийдэл болон товыг олохоор одоогоор ажиллаж байна. Энэ бол тоглогчдын хамгийн дуртай тэмцээнүүдийн нэг болсон" хэмээжээ.

Scottish Open нь тоглогчдын хувьд улирлын сүүлийн их дуулга болох AIG Women’s British Open-ийн өмнө links төрлийн талбайд бэлтгэл хийх гол боломж болдог байсан юм. Хэрэв уг тэмцээнийг хуваариас бүрмөсөн хасвал тоглогчид линкс талбайн чухал дадлагаа алдах эрсдэлтэй бөгөөд Golfweek үүнийг теннисчид зүлгэн дээрх тэмцээнд тоглолгүйгээр Уимблдонд шууд оролцохтой зүйрлэсэн байна.