Хөгжмийн ертөнцөд Marshall брэнд бол чанар, хүчтэй дуугаараа танигдсан, домогт брэнд билээ. Тэгвэл энэ удаад тэд Английн панк рокын анхдагчдын нэг, Sex Pistols хамтлагтай хамтран хязгаарлагдмал тооны өсгөгч үйлдвэрлэснээ зарлалаа.
Sex Pistols бол 1970-аад оны сүүл үеэр панк рок хөдөлгөөнийг дэлхий даяар түгээсэн, маш том нөлөө үзүүлсэн хамтлаг юм. Тэдний “Never Mind the Bollocks, Here’s the Sex Pistols” цомог нь рок хөгжмийн түүхэнд тодоор бичигдсэн билээ.
Шинэ өсгөгч нь ердөө 81 ширхэг үйлдвэрлэгдсэн бөгөөд Их Британид үйлдвэрлэгдсэн байна. Өнгөний хувьд Sex Pistols хамтлагийн дээрх цомгийн хавтаснаас санаа авч, тод шар, ягаан өнгийг хослуулсан нь онцгой харагдаж байна. Marshall-ын мэргэжилтнүүд энэхүү өсгөгчийг хамтлагийн дууны өнгө аяс, эрч хүчийг төгс илэрхийлэхүйцээр бүтээсэн гэж мэдэгджээ.
Энэхүү хязгаарлагдмал тооны өсгөгч нь зөвхөн хөгжим сонирхогчдод төдийгүй, Sex Pistols хамтлагийн шүтэн бишрэгчдэд ч бас том бэлэг болох нь дамжиггүй. Үнийн хувьд хэр байгаа нь одоогоор тодорхойгүй байна.
Marshall бол гитар болон бусад хөгжмийн зэмсгийн өсгөгч үйлдвэрлэдэг Английн компани бөгөөд дэлхий даяар алдартай.