Дэлхийн томоохон технологийн компаниудын нэг, Facebook, Instagram, WhatsApp-ийг эзэмшигч Meta компанийн дотоод уур амьсгал ширүүсч байна. Тус компанийн гүйцэтгэх захирал Марк Цукерберг хиймэл оюун ухааны (AI) чиглэлээр бүх ажилтныг хамарсан томоохон хакатон буюу программ хангамж хөгжүүлэлтийн уралдаан зохион байгуулахаар төлөвлөж байгаа нь ажилтнуудын дунд хүчтэй эсэргүүцэлтэй тулгарчээ.
Компанийн дотоод форум дээр нэгэн ажилтан “Манай компани одоо хакатоны соёлыг дэмждэг гэдэгт би эргэлзэж байна” хэмээн бичсэн нь олон ажилтны санаа бодлыг илэрхийлсэн байна. Meta-ийн ажилтнууд энэхүү арга хэмжээг зүгээр нэг бүтээлч үйл ажиллагаа гэхээсээ илүүтэй, удирдлагын зүгээс ажилтнуудынхаа ажлын ачааллыг нэмэгдүүлж, хиймэл оюун ухааны салбарт өрсөлдөх гэсэн албадлагын шинжтэй оролдлого хэмээн үзэж байгаа аж.
Сүүлийн жилүүдэд Meta компани бүтцийн өөрчлөлт хийж, олон мянган хүнийг ажлаас халсан нь ажилтнуудын сэтгэл зүй болон компанийн соёлд сөргөөр нөлөөлсөн гэж шинжээчид дүгнэж байна. Өмнө нь хакатон нь ажилтнуудын чөлөөт сэтгэлгээ, шинэлэг санааг дэмжих талбар байсан бол одоо энэ нь удирдлагын шахалт болж хувирсан нь ажилтнуудын дургүйцлийг төрүүлж байгаа юм.
Марк Цукерберг Meta-ийг ирээдүйн хиймэл оюун ухааны салбарын гол тоглогч болгохын тулд ихээхэн хүчин чармайлт гаргаж байгаа ч, энэ нь компанийн дотоод нэгдмэл байдал болон ажилтнуудын итгэлцлийг сулруулж болзошгүй байна. Технологийн салбарын мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, ажилтнуудынхаа санаа бодлыг сонсохгүйгээр зөвхөн удирдлагын хүслээр ийм төрлийн арга хэмжээг тулгах нь эсрэг үр дүнд хүргэж мэдэх юм.