АНУ-ын Нью-Йорк мужаас гаралтай металкор (metalcore) урсгалын Every Time I Die хамтлагийн хэмнэл гитарчин (rhythm guitarist) бөгөөд мэргэжлийн бөх Энди Уильямс 48 насандаа таалал төгссөн талаар мэдээллээ.

TMZ-ийн мэдээлснээр “The Butcher” нэрээр мэргэжлийн бөхийн ертөнцөд алдаршсан тэрээр бямба гаргийн орой Пенсильвани мужийн Миллвэйл хотод болсон бие даасан багийн барилдааны дараа ухаан алдан унаж, хэдэн цагийн дараа нас барсан байна. Түүний үхлийн тодорхой шалтгаан хараахан тодорхойгүй байгаа аж.

Enjoy Wrestling байгууллагын зүгээс X хуудсаараа дамжуулан, Уильямсийг барилдаан дууссаны дараа ухаан алдсан бөгөөд түргэн тусламж ирэх хүртэл эмч нар зүрхний массаж (CPR) хийсэн гэдгийг мэдэгджээ. Энэхүү явдлын дараа зохион байгуулагчид тэмцээнийг бүрэн цуцалсан байна.

Энди Уильямс нь 1998 оноос 2022 онд тарах хүртэл Every Time I Die хамтлагт тоглож, хамтлагийнхаа нийт есөн студийн цомогт бүгдэд нь оролцсон түүхтэй. 2010-аад оноос мэргэжлийн бөхийн спортоор хичээллэж эхэлсэн тэрээр 2019 онд All Elite Wrestling (AEW) холбоонд нэгдэж байжээ. Хамтлаг тарсаны дараа Уильямс Atomic Rule хамтлагт нэгдэн шинэ дуунууд дээр ажиллаж байсан юм.