Даваа гарагийн буюу наймдугаар сарын 31-ний өдрийн ихэнх хугацаанд Microsoft 365 бизнесийн үйлчилгээнүүд, тэр дундаа Outlook болон Exchange Online системд доголдол үүссэн байна. Microsoft компани даваа гарагийн орой хэрэглэгчдэдээ хандан асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаагаа мэдэгджээ.
Х сулжээ дэх Microsoft 365-ийн албан ёсны төлөвийн хуудсанд "Бид нөлөөлөлд өртсөн орчинд засварын арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд хэрэглэгчдийн имэйлийн урсгал аажмаар сэргэж эхлэх ёстой" хэмээн бичсэн байна. Мөн дэд бүтцийн тодорхой хэсгүүдийг дахин ачаалж байгааг дурджээ.
Гэсэн хэдий ч энэхүү "аажмаар сэргэх" тайлбар зарим хэрэглэгчдэд хангалтгүй байсан бөгөөд тэд яг хэзээ бүрэн засварлагдах тодорхой хугацааг шаардсан байна. Зарим хэрэглэгчид Admin Center-ийн мэдээлэл тодорхойгүй байгааг шүүмжилсэн бол өөр нэг хэрэглэгч имэйлүүд нь удаанаар орж ирж байгааг тэмдэглэжээ.
Үйлчилгээний саатал даваа гарагийн ажлын өдөр эхлэх үеэр гарсан бөгөөд олон хэрэглэгч Outlook имэйлдээ нэвтэрч чадахгүй байгаа талаар Downdetector зэрэг сайтуудад мэдээлсэн байна. Түүнчлэн нэвтрэхтэй холбоотой болон бусад аппликейшны асуудлууд, имэйл, хуанли, харилцагчийн мэдээлэл дамжуулдаг үүлэн суурьт Microsoft Exchange Online системд доголдол гарсан нь бүртгэгджээ.