Технологийн томоохон компани болох Microsoft Apple-ийн MacBook Pro загвартай өрсөлдөхүйц, хиймэл оюуны өндөр хүчин чадал бүхий Surface Laptop Ultra зөөврийн компьютероо албан ёсоор танилцууллаа.
Энэхүү төхөөрөмж нь Nvidia-ийн RX Spark N1X чипээр ажилладаг бөгөөд хэрэглэгчид 5,120 цөмт GPU, 18 цөмт CPU эсвэл 6,144 цөмт GPU, 20 цөмт CPU гэсэн хоёр сонголтоос сонгох боломжтой. Шуурхай санах ой буюу RAM нь 24-өөс 128GB хүртэл сонголттой бол дотоод багтаамж нь 512GB, 1TB болон 2TB байх аж. Эдгээр өндөр үзүүлэлт нь хөгжүүлэгчид болон хиймэл оюун ухаан (AI) бүтээгчдэд 120 гаруй тэрбум параметртэй AI агентуудыг өөрийн төхөөрөмж дээрээ ажиллуулах боломжийг олгож байгаа юм.
Дэлгэц, дизайн болон холболт
Surface Laptop Ultra нь 15 инчийн PixelSense Ultra дэлгэцтэй, 3,270x2,180 пикселийн нягтаршилтай бөгөөд 120Hz давтамжтай ажилладаг. Батерейны хувьд веб хуудсаар идэвхтэй аялахад 12 цаг, төхөөрөмж дээрх видео тоглуулахад 15 цаг ажиллах чадвартай. Жин нь ойролцоогоор 4.5 фунт (2 кг орчим), хаагдсан үедээ 18 мм зузаантай ба Platinum болон Nightfall гэсэн хоёр өнгөөр гарч байна.
Холболтын хувьд гурван ширхэг USB-C порт, нэг USB-A, HDMI порт, SD карт уншигч болон чихэвчний оролттой. Түүнчлэн уг зөөврийн компьютерт "дэлхийн анхны суурилуулсан соронзон USB-C цэнэглэгч" гэж тодорхойлсон Magnetic Connect технологийг нэвтрүүлжээ.
Үнэ ба худалдаанд гарах хугацаа
Surface Laptop Ultra-ийн урьдчилсан захиалга эхэлсэн бөгөөд анхан шатны үзүүлэлттэй загварын үнэ $2,599-оос эхэлж байна. Харин хамгийн дээд үзүүлэлттэй хувилбар нь $5,899.99 хүрэх бөгөөд 10-р сарын 16-наас эхлэн нийлүүлэгдэх аж. Хэрэв тохирох нөхцөлтэй MacBook-ээ тушаавал 1,000 ам.долларын урамшуулал олгохоор зарлажээ.
Үүнээс гадна Microsoft зөөврийн компьютерын дэлгэц болон гар шаардлагагүй хөгжүүлэгчдэд зориулан Surface RTX Spark Dev Box нэртэй авсаархан төхөөрөмжийг танилцууллаа. Энэхүү төхөөрөмж нь 1 петафлоп хүртэлх AI гүйцэтгэл, 128GB LPDDR5x нэгдмэл санах ой, 2TB салдаг SSD багтаамжтай. Dev Box нь 4.4 фунт жинтэй, $5,999 үнэтэйгээр урьдчилсан захиалга авч байгаа ба 11-р сараас нийлүүлэгдэж эхэлнэ.