АНУ-ын Хойд Америкийн бейсболын дээд лиг буюу MLB-ийн "Кливленд Гардианс" багийн шидэгч асан Луис Ортис болон Эммануэль Класе нартай холбоотой холбооны шүүх хурал Брүүклинд үргэлжилж байна. Прокурорууд тэднийг тоглолтын шидэлтийг зориуд тохиролцож, бооцооны луйварт оролцсон гэдгийг нотлохыг зорьж буй энэ үед Ортис болон түүний эхнэрийн хооронд харилцсан зурвасууд ил болжээ.
Сэжигтэй зурвасууд болон сэрэмжлүүлэг
Эдгээр зурвасууд нь 2025 оны зургаадугаар сард болсон "Кардиналс" багийн эсрэг тоглолтын дараахан бичигдсэн гэж үзэж байгаа юм. Ортисын эхнэр Алтаграсиа Рейносо нөхрийнхөө харилцаж байсан хүнд санаа зовж, "Хэрэв тэр нууц ажилтан бол яах вэ?", "Зохион байгуулалттай урхи бол яах вэ?", "Луис, энэ чинь чиний ирээдүй шүү дээ" хэмээн сэрэмжлүүлж байжээ.
Удалгүй түүний эхнэр нөхөртөө "Бүх харилцаагаа устга", "Боломжтой бол шилжүүлгийг өөр хүний нэр дээр илгээ", мөн "Нотлох баримтыг устга" хэмээн бичсэн байна. Үүний хариуд Ортис "Үгүй ээ, энэ миний нэрээр илгээгдэхгүй" гэж хариулсан нь тогтоогджээ. Испани хэлнээс орчуулагдсан эдгээр зурвасын зарим хэсгийг шүүхээс нууцалсан бөгөөд эхнэрийнх нь сэрдэж байсан хүн чухам хэн байсан, ямар мөнгөн шилжүүлгийн тухай яригдсан нь хараахан тодорхойгүй байна. Мөн Ортис бодитоор нотлох баримт устгасан эсэх нь тогтоогдоогүй байгаа бөгөөд түүний эхнэр яллагдагчаар татагдаагүй байна.
Тоглолт найраалах хэрэг хэрхэн эхэлсэн бэ?
АНУ-ын Хууль зүйн яамнаас 2025 оны арваннэгдүгээр сард зарласан яллах дүгнэлтэд дурдсанаар, энэхүү найрааны хэрэг 2023 оны тавдугаар сараас эхэлсэн гэж үзэж байгаа аж. Прокуроруудын үзэж буйгаар туслах шидэгч Эммануэль Класе бооцоо тавигчидтай холбогдож, шидэлтийн төрөл, хурд болон бөмбөг онох, алдах зэрэг тодорхой үзүүлэлтүүдийн мэдээллийг тоглолтын явцад урьдчилан хуваалцдаг байсан байж болзошгүй гэжээ.
Шүүгдэж буй хоёр тамирчин хоёул өөрсдийгөө гэм буруугүй хэмээн мэдүүлээд байгаа юм. Одоогоор Ортисын өмгөөлөгчид шинээр дэлгэгдсэн зурвасуудын талаар ямар нэгэн тайлбар өгөхөөс татгалзжээ.