АНУ-ын алдартай инди-рок хамтлаг болох Modest Mouse-ын гитарчин Саймон О'Коннор насанд хүрээгүй охинд ёс бус мессеж илгээсэн гэх асуудалд холбогджээ. Энэхүү дуулиан өнгөрсөн амралтын өдрүүдэд Reddit сүлжээгээр эхэлсэн бөгөөд тухайн охин гитарчны илгээсэн мессежүүдийн дэлгэцийн зургийг олон нийтэд дэлгэсэн байна.

Reddit дээрх мэдээлэлд дурдсанаар, тухайн охин 16 настай байхдаа энэ явдалтай тулгарчээ. Тэрээр өөрийн Instagram хуудсаараа дамжуулан Саймон О'Коннорын сториг сонирхож, хариу үйлдэл үзүүлсний дараа хөгжимчин түүнтэй холбогдсон байна. Охины хуваалцсан зургаас харахад, хөгжимчин түүнд ёс бус агуулгатай зураг илгээж, улмаар уучлалт гуйхыг оролдсон боловч дахин зохисгүй үйлдэл гаргажээ. Охин өөрийн нас нь профайл дээр нь тодорхой харагддаг байсныг онцолсон байна.

Энэхүү хэрэг олны анхааралд орсны дараа Саймон О'Коннор Reddit сүлжээнд тайлбар бичжээ. Тэрээр тухайн охиныг өмнө нь өөрийг нь янз бүрээр өдөж, хуурамч хаяг ашигладаг байсан хүнтэй андуурсан гэж мэдэгдсэн байна. Тэрээр "Орой нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ утас руугаа хараад, өмнө нь харьцаж байсан хүнтэйгээ андуурч буруу дүгнэлт хийсэн. Би маш том алдаа гаргасандаа харамсаж байна" хэмээжээ.

О'Коннор мессеж илгээсэн даруйдаа алдаа гаргаснаа ойлгож, мессежүүдээ устган харилцаагаа тасалснаа дурдсан байна. Тэрээр хохирогч охиноос уучлалт гуйж, энэ үйл явдал түүнд таагүй байдал үүсгэснийг хүлээн зөвшөөрчээ. Саймон О'Коннор нь 2021 оноос хойш Modest Mouse хамтлагийн гишүүнээр ажиллаж байгаа бөгөөд хамтлаг зургадугаар сард 'An Eraser And A Maze' цомгоо гаргасан юм.