АНУ-ын санхүүгийн аварга байгууллага болох Morgan Stanley-ийн гаргасан Биткойн биржийн арилжааны сан (ETF) нь зах зээлд нэвтэрснээсээ хойш богино хугацаанд өндөр амжилт үзүүлж байна. Тус сан дөрөвдүгээр сард анх нээгдэхдээ эхний өдрөө л 33 сая гаруй ам.долларын хөрөнгө татаж байсан бол одоогоор нийт 391 сая ам.долларын хөрөнгө удирдаж байна.

Bloomberg Intelligence-ийн ахлах шинжээч Эрик Балчунасын тэмдэглэснээр, энэхүү бүтээгдэхүүн нь энэ онд зах зээлд нэвтэрсэн хамгийн амжилттай сангуудын нэг болжээ. Farside Investors-ийн мэдээллээр, зөвхөн энэ долоо хоногт л гэхэд тус санд 15.7 сая ам.долларын шинэ хөрөнгө оруулалт орж ирсэн байна. Ихэнх ETF-үүд нэг улирлын дотор ийм хэмжээний хөрөнгө хуримтлуулж чаддаггүй тул энэ нь онцгой үзүүлэлт юм.

Банкны крипто салбар дахь алхам

Morgan Stanley нь олон жилийн турш крипто салбарт томоохон алхмуудыг хийсээр ирсэн. Тухайлбал, 2021 оноос эхлэн чинээлэг харилцагчиддаа Биткойнд хөрөнгө оруулах боломжийг санал болгож байв. Тус банкны гүйцэтгэх захирал бөгөөд ТУЗ-ийн дарга Тэд Пик өнгөрсөн жил зохицуулагчидтай хамтран крипто бүтээгдэхүүнийг хэрхэн аюулгүй санал болгох талаар ажиллаж байгаагаа мэдэгдэж байсан юм. Тус банкны Дижитал хөрөнгийн газрын дарга Эми Олденбургийн хэлснээр, Биткойныг өргөнөөр нэвтрүүлэхэд тулгарч буй гол сорилт нь бүтээгдэхүүний загвар бус, харин харилцагчдын боловсрол юм.

Зах зээлийн ерөнхий нөхцөл байдал

АНУ-ын Биткойн ETF-үүд сүүлийн долоо хоногт нийт 274 сая ам.долларын шинэ хөрөнгө оруулалт татжээ. Гэвч зах зээлийн нөхцөл байдал тогтворгүй хэвээр байна. CoinShares компанийн судалгааны албаны дарга Жеймс Баттерфил хөрөнгө оруулагчид Биткойн руу эргэн орж байгаа ч зах зээлийг илүү өсөлтөд хүргэхэд саад болох хүчин зүйлүүд байгааг онцолсон байна. Одоогоор Биткойны үнэ 64,096 ам.доллар орчимд арилжаалагдаж байгаа бөгөөд сүүлийн 24 цагийн дотор 1 гаруй хувиар буурчээ.