Инди-поп чиглэлийн MUNA хамтлаг намрын шинэ улирлыг угтан алдарт UGG брэндтэй хамтран ажиллахаар болжээ. Өөрсдийн дуу хөгжим болон өвөрмөц дүр төрхөөрөө өөрийгөө илэрхийлэх үзлийг тодотгодог тус хамтлаг UGG-ийн хичээлийн шинэ жилийн ("back-to-school") кампанит ажилд оролцож байна.
UGG брэнд нь MUNA хамтлагийн сэтгэл хөдлөлөө илэн далангүй илэрхийлдэг дууны үгс болон өвөрмөц хэв маягийг нь үнэлж сонгосон бол хамтлагийн зүгээс тэдний үнэт зүйл, онцлог шинжийг алдагдуулахгүйгээр төлөөлүүлж чадах түнш хэмээн үзэж уг саналыг хүлээн авчээ. Тус хамтрал нь UGG брэндийн урлагийн болон LGBTQ+ байгууллагуудтай хийдэг ажлын үргэлжлэл болж буй юм. Тэд өмнө нь уран бүтээлчдийг дэмждэг Queer|Art болон хөгжим, менторшипоор дамжуулан залуусыг дэмждэг Chicxs Rockerxs South East Los Angeles зэрэг байгууллагуудтай хамтран ажиллаж байжээ.
Хамтлагийн гишүүд болох Кейти Гэвин, Жозетт Маскин болон Макферсон нар анх USC сургуульд суралцаж байхдаа танилцаж байсан бөгөөд энэхүү сурталчилгаа нь тэдэнд оюутан насны дурсамжийг нь эргэн сануулсан байна. Мөн гишүүн Жозетт Маскин брэндтэй хамтрах болсон тухайгаа тайлбарлахдаа өөрсдийнхөөрөө байх боломж олгосон найдвартай хамтын ажиллагаа гэдгийг онцолжээ.
UGG-ийн хичээлийн шинэ жилийн цуглуулгад насанд хүрэгчид болон хүүхдүүдэд зориулсан гутал, сургуулийн улирлын хувцаснууд багтсан байна. Үүнд слип-он, шинэчилсэн сонгодог богино түрийтэй гутал, пүүз зэргээс гадна кардиган болон ретро загварын хүрэмнүүд багтжээ.
Тавдугаар сард Dancing on the Wall цомгоо гаргасан MUNA хамтлаг ирэх есдүгээр сарын 17-нд “Gets So Hot” аялан тоглолтоо эхлүүлэхээр төлөвлөөд байна.