Алдарт рок хамтлаг My Chemical Romance-ийн ахлагч, гоцлол дуучин Жерард Вэй бямба гарагт (9 дүгээр сарын 12) Сан-Антонио хотын "Alamodome" цэнгэлдэхэд болсон "Black Parade" аялан тоглолтын хаалтын үеэр хамтлаг нь шинэ цомог гаргана гэж найдаж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр энэ нь тодорхой, баттай төлөвлөгөө биш бөгөөд зөвхөн хүсэл найдвар төдий зүйл гэдгийг онцолсон байна.
Жерард Вэй үзэгчдэд хандан "Бид үргэлж дахин шинэ цомог хийхийг хүсэж ирсэн гэдгийг мэдэж аваарай. Амьдрал бидэнд үүнийг хийх боломж олгоно гэж найдаж байна. Учир нь та бүхэн биднийг маш удаан хугацаанд оршин тогтнож, амьд явахад тусалсан. Та нар дараагийн цомгийг хүртэх эрхтэй. Энэ нь хэзээ гарахыг би мэдэхгүй ч үнэхээр гайхалтай байх болно" хэмээн ярьжээ. Түүний хэлсэн үг нь албан ёсны зарлал биш бөгөөд цомгийн нэр, товлогдсон огноог огт дурдаагүй ч хамтлаг 2019 онд эргэн нийлснээсээ хойш студийн тав дахь цомгийнхоо талаар хамгийн тодорхой дурдсан тохиолдол болж байна.
Хэрэв шинэ цомог гарвал энэ нь хамтлагийн хувьд 15 гаруй жилийн хугацаан дахь анхны бүрэн хэмжээний бичлэг буюу 2010 оны Danger Days: The True Lives of the Fabulous Killjoys цомгоос хойших анхны ажил болох юм. Тэд нэгдсэнээсээ хойш 2022 онд зөвхөн "The Foundations of Decay" хэмээх ганц бие даасан дуу цацсан бөгөөд голчлон аялан тоглолтууддаа анхаарч ирсэн билээ.
Хамтлаг 2006 онд гаргасан нэр хүнд бүхий The Black Parade цомгийнхоо 20 жилийн ойг тэмдэглэн тоглож байгаа бөгөөд аялан тоглолтоо Хойд Америк, Их Британи, Европыг хамарсан "The Black Parade 2026" нэртэй цэнгэлдэхийн томоохон аялан тоглолт болгон өргөжүүлээд байна. Мөн тэд аравдугаар сард уг цомгийн 20 жилийн ойд зориулсан шинэчилсэн хувилбарыг дахин худалдаанд гаргахаа зарлажээ.