Өнгөрсөн хугацаанд одон орон судлаачид сансарт хурдтай шилжиж буй хар нүх зэрэг ховор үзэгдлүүдийг Hubble дурангийн тусламжтай санамсаргүй байдлаар олж харж байжээ. Гэвч зөвхөн тохиолдлын азад найдах нь орчлон ертөнцийн хамгийн нууцлаг, сонирхолтой биетүүдийг анзааралгүй өнгөрөөх эрсдэл дагуулдаг байна. Энэхүү байдлыг өөрчлөх зорилгоор NASA дараагийн томоохон төсөл болох Nancy Grace Roman сансрын дуранг хамгийн эртдээ ирэх наймдугаар сарын 30-нд хөөргөхөөр төлөвлөж байна.

Төслийн ахлах эрдэмтэн Жули МакЭнерийн мэдээлснээр, шинэ дуран нь сансар огторгуйн асар том хэсгийг хурдан хугацаанд хамарч харах зориулалттай тул ийм ховор биетүүдийг олж илрүүлэх боломжтой аж. Улмаар Roman-ий илрүүлсэн цэгүүдийн нарийвчилсан хэмжилтийг James Webb зэрэг бусад дурангуудаар гүнзгийрүүлэн судлах төлөвлөгөөтэй байна.

Сансрыг өргөн хүрээгээр зураглах чадвар

Roman дурангийн гол давуу тал нь Hubble-тай ижил нягтралтай хэт улаан туяаны зургийг авах боловч нэг зурагтаа дор хаяж 100 дахин их орон зайг багтаах чадварт оршино. Шинэ дуран эхний таван жилийн хугацаандаа Hubble-ийн 30 жилд хийснээс 50 дахин их хэмжээний сансрын талбайн зургийг буулгах хүлээлттэй байгаа юм.

Тус дурангаас өдөр бүр ойролцоогоор 1.4 терабайт хэмжээтэй судалгааны өгөгдөл дэлхий рүү илгээгдэх бөгөөд үндсэн судалгааны ганц зургийг бүрэн харуулахад 500,000 гаруй 4K зурагт шаардагдах хэмжээний асар том зураглал гарах аж. Энэ нь орчлон ертөнцийн 3D газрын зургийг бүтээх, хар матери болон хар энергийн бүтцийг судлах томоохон боломжийг олгоно.

Дурангуудын хамтын ажиллагаа

1990 онд хөөрсөн Hubble нь үзэгдэх, хэт ягаан болон хэт улаан туяаны зурваст ажилладаг бол 2021 онд хөөрсөн Webb нь голчлон хэт улаан туяагаар тоос шороонд халхлагдсан эртний галактикууд болон гадаад гаргуудын агаар мандлыг нарийвчлан судалдаг. Харин Roman дуран нь огторгуйг бүхэлд нь түргэн хугацаанд самнан хайгуул хийж, илрүүлсэн ховор биетүүдийг бусад дурангууд ойроос томруулан шинжлэх зарчмаар хамтран ажиллах юм.