Сагсан бөмбөгийн ертөнцөд NBA болон WNBA-ийн тамирчдаас бүрдсэн бас нэгэн шинэ хос мэндэллээ. WNBA-ийн "Лос-Анжелес Спаркс" багийн хамгаалагч асан Эвина Уэстбрүүк болон NBA-д тоглодог Лонни Уокер IV нар болзож буйгаа олон нийтэд зарлажээ.

Эвина Уэстбрүүк өөрийн Инстаграм хуудсандаа "Ain’t No Weak Link" гэсэн тайлбартайгаар хэд хэдэн зураг нийтэлснээр тэдний харилцаа ил болсон байна. Тэдний нийтэлсэн зургуудад сагсан бөмбөгийн талбайд хамтдаа бэлтгэл хийж буй болон талбайн гадуур амарч, ярилцаж суугаа агшнууд багтжээ. Энэхүү нийтлэлийн дор тэдний багийн анд нар болон найзууд нь сэтгэгдэл үлдээн, баяр хүргэсэн байна.

2022 оны драфтын хоёрдугаар тойргийн сонголт болох Эвина Уэстбрүүк өмнө нь WNBA-ийн Миннесота Линкс, Вашингтон Мистикс, Лос-Анжелес Спаркс багуудад тоглож байгаад гадаадын лигт хүч үзэхээр явсан юм.

Харин өдгөө 25 настай Лонни Уокерын хувьд NBA-д Сан-Антонио Спөрс, Лос-Анжелес Лэйкерс, Брүүклин Нэтс, Филадельфи 76ers багуудад тоглож байсан туршлагатай. Хамгийн сүүлд Литвийн "Жальгирис Каунас" багт тоглож, 11 тоглолтод дунджаар 14.7 оноо, 3.1 самбар, 1.6 оновчтой дамжуулалт өгсөн бөгөөд саяхан NBA-ийн Денвер Наггетс багтай гэрээ байгуулжээ.