Netflix стриминг үйлчилгээнээс гаргасан “What We Watched” тайлангийн сүүлийн дөрвөн жилийн мэдээллээр “KPop Demon Hunters” хүүхэлдэйн кино хамгийн их үзэлттэй киногоор нэрлэгдлээ. Энэхүү бүтээл нь нийт 648.7 сая үзэлт авснаар хоёрдугаар байранд бичигдсэн “The Super Mario Bros. Movie” киноны үзэлтийг хоёр дахин нугалсан үзүүлэлттэй байна.

Энэхүү жагсаалтыг 2023 оны хоёрдугаар хагасаас 2026 оны эхний хагас хүртэлх хугацааны мэдээлэлд үндэслэн Deadline гаргажээ. “KPop Demon Hunters” кино нь гарсанаасаа хойш нэг жилийн дараа ч өндөр эрэлттэй хэвээр байгаа бөгөөд зөвхөн 2026 оны эхний хагаст гэхэд 130 сая үзэлт нэмж авсан байна. Уг кино 2025 оны наймдугаар сард “Red Notice” киног гүйцэж, Netflix-ийн бүх цаг үеийн хамгийн их үзэлттэй киногоор тодорч байв.

Киноны үйл явдлын хувьд HUNTR/X хэмээх K-pop хамтлагийн гурван гишүүн болох Руми, Мира, Зое нарын тухай өгүүлдэг. Тэд дэлхийн хэмжээний оддын амьдралаа нууцлаг чөтгөр ангуучлах үйл ажиллагаатайгаа хослуулан авч явдаг бөгөөд чөтгөрийн хаан Гви-Ма-д үйлчилдэг Saja Boys хамтлагтай өрсөлддөг байна.

Энэхүү бүтээлийн амжилтад киноны дуунууд ч ихээхэн нөлөөлсөн бөгөөд “Golden” дуу нь Их Британи болон АНУ-ын чартуудыг тэргүүлж байв. Мөн тус киноны дараагийн анги хийгдэхээр батлагдсан боловч одоогоор 2029 он хүртэл гарах төлөвлөгөөгүй байгаа юм. Netflix-ийн шилдэг 20 киноны жагсаалтад хүүхэлдэйн болон гэр бүлийн кинонууд давамгайлж байгаа бөгөөд “Leo”, “Damsel”, “Leave The World Behind” зэрэг бүтээлүүд эхний байруудад багтжээ.