Америк хөлбөмбөгийн “Сан-Франциско Фортинайнерс” (San Francisco 49ers) багийн довтлогч асан Колин Каперник улс төрийн албан тушаалд өрсөлдөхөд нээлттэй байгаагаа илэрхийллээ.

Нью-Йорк хотын Перельманы нэрэмжит урлагийн төвд болсон “The Atlantic Festival”-ийн үеэр сэтгүүлч Жамел Хилл түүнээс улс төрд өрсөлдөх талаар бодож үзсэн эсэх, мөн ийм санал ирсэн үү хэмээн лавласан юм. Үүний хариуд тэрээр: “Тийм ээ, надад хандсан. Илүү олон хүн энэ талаар асуух болсон. Надад эелдэг хандаж байна уу, эсвэл үнэхээр хүсэж байна уу гэдгийг мэдэхгүй юм. Гэхдээ нийгэмд нөлөө үзүүлэх боломжуудыг харвал би ямар ч хувилбарыг хасахгүй. Нийгэмд нөлөөлж болох бүхий л боломжит замуудыг авч үзэхэд нээлттэй байна” хэмээн хариулсан байна. Каперник төрийн албанд өрсөлдөх эсэх нь хүмүүсийн өдөр тутмын амьдралд хамгийн үр дүнтэйгээр эерэг өөрчлөлт авчрах арга мөн үү гэдгээс шууд хамаарна гэдгээ онцолжээ.

Каперник NFL-ийн сүүлийн тоглолтдоо 2017 оны нэгдүгээр сарын 1-нд оролцсон бөгөөд тухайн оны гуравдугаар сард гэрээнээсээ татгалзсанаас хойш өөр багтай гэрээ байгуулаагүй юм. 2017 оны аравдугаар сард тэрээр багуудын эзэд хуйвалдсан гэх асуудлаар хамтын гэрээний дагуу маргаан үүсгэж байсан бөгөөд энэ нь 2019 оны хоёрдугаар сард нууц тохиролцоогоор шийдэгдсэн түүхтэй.

Спортоос хөндийрсөн жилүүддээ тэрээр хүний эрхийн төлөөх тэмцэл болон хэвлэн нийтлэх ажилд анхаарлаа хандуулжээ. Түүний “The Perilous Fight” дурсамж ном 2026 оны есдүгээр сард “The New York Times”-ийн бестселлер номын жагсаалтыг тэргүүлсэн байна. Мөн түүний “Know Your Rights Camp” ашгийн бус байгууллага нь залууст зориулсан боловсролын хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг бөгөөд цагдаатай холбоотой нас баралтын хохирогчдын ар гэрт үнэ төлбөргүй бие даасан задлан шинжилгээ хийлгэх зардлыг санхүүжүүлдэг “Autopsy Initiative” төслийг ажиллуулдаг юм.

Энэхүү шинэ байр суурь нь түүний өнгөрсөн үеийн үзэл бодлоос эрс өөрчлөгдсөнийг харуулж байна. Тухайлбал, 2016 оны арваннэгдүгээр сард тэрээр сонгуульд санал өгөхөөс татгалзаж байснаа хамгаалж, дарлалын тогтолцоог дэмжихгүй гэдгээ хэлж байв. Гэвч хожим нь тэрээр сонгогчийн эрхээ бүртгүүлж, 2016 оны сонгуулийг бойкотлосон явдлаа хариуцлагагүй үйлдэл байсан гэж 2026 оны есдүгээр сард өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэрээр холбооны шүүх болон Дээд шүүхийн томилгоо нь хуулийн тогтолцоог хэрхэн бүрдүүлдэг болохыг жишээ татаж, иргэний оролцооны бодит стратегийг дахин эргэцүүлсэн бөгөөд төрийн албыг нийгмийн бодит өөрчлөлт авчрах нэгэн боломжит зам гэж үзэх болсноо хуваалцсан байна.