Америк хөлбөмбөгийн NFL лигийн «Теннесси Тайтанс» багийн 24 настай хамгаалагч Жэйлен Харрелл Флорида мужийн Тампа хотод автомашины ноцтой осолд орсны улмаас эмнэлэгт хүргэгджээ. ESPN-ийн сэтгүүлч Туррон Дэвенпортын мэдээлснээр тэрбээр тухайн үед «Uber» үйлчилгээний автомашинд зорчигчоор сууж явсан байна.
Багийн удирдлагын зүгээс 11 дүгээр сарын 21-ний өглөө мэдэгдэл гаргаж, Харрелл эмнэлэгт үргэлжлүүлэн эмчилгээ хийлгэж байгааг баталжээ. Албан ёсны мэдэгдэлд тоглогчийн гэр бүлтэй байнга холбоотой ажиллаж буйг дурдаад, тэдний хувийн орон зайг хүндэтгэхийг хүссэн байна. Одоогоор ослын тодорхой байршил болон түүний авсан гэмтлийн нарийн мэдээлэл гараагүй байна.
Харрелл наймдугаар сарын 13-нд болсон улирлын өмнөх тоглолтын үеэр өвдөгний чагтан холбоосоо (ACL) гэмтээж, энэ улирлыг бүрэн өнжихөөр болоод байсан юм. Тэрбээр 2027 оны бэлтгэлд амжиж эдгэрэх зорилгоор гэр бүлийнхээ дэргэд, өөрийн төрсөн хот Тампадоо ирж нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байжээ.