Америкийн хөлбөмбөгийн NFL лигийн тамирчин асан Эндрю Ийст Олимпын алтан медальт гимнастикч эхнэр Шон Жонсонтой өнгөрүүлсэн хамтын амьдралынхаа талаар Кен Райдаутад өгсөн ярилцлагадаа дэлгэрэнгүй ярьжээ. Тэрбээр алдартай тамирчны нөхөр байх нь өөрт нь хэзээ ч өрсөлдөөн мэт санагдаж байгаагүй бөгөөд эхнэрийнхээ амжилтаар үргэлж бахархдаг гэдгээ онцолсон байна.

Эндрю ярилцлагадаа: “Би эхнэрээрээ үнэхээр их бахархдаг. Тэр надад ч бас өөрийн зорилгодоо хүрэх, амжилт гаргах орон зайг үргэлж гаргаж өгдөг. Би өөрийгөө ердөө л Мона Лизаг тогтоон барьж буй жааз төдий хүн гэж хардаг ба түүний хийж буй гайхалтай бүхний гэрч болж байгаадаа баяртай байдаг” хэмээн өгүүлжээ. Мөн 22 жилийн турш олон нийтийн анхаарлын төвд амьдарсан Шон Жонсоныг цахим орчинд харагддагаасаа ч илүү гайхалтай хүн хэмээн магтсан байна.

Хосуудын танилцсан түүх 2012 оноос эхлэлтэй. Эндрюгийн ах, мэргэжлийн дугуйчин Гай Лондонгийн Олимпын үеэр Шонтой танилцаж, улмаар дүүдээ тохирох хүн хэмээн үзжээ. Ингээд Эндрю 2012 оны наймдугаар сард Твиттерээр дамжуулан Шоныг Вандербилтийн хөлбөмбөгийн тоглолт үзэхийг урьсан байна. Тэд анх тэр жилийнхээ есдүгээр сард Лос-Анжелест биечлэн уулзаж байжээ. Удалгүй Шон Нашвилл руу нүүж, харилцаагаа үргэлжлүүлсэн байна.

Эндрю 2015 оны долоодугаар сард “Чикаго Кабс” бейсболын багийн тоглолтын үеэр гэрлэх санал тавьж, улмаар 2016 оны дөрөвдүгээр сарын 16-нд Теннесси мужийн Франклин дахь хувийн фермд хуримаа хийжээ.

Тэд хүүхэдтэй болох замдаа зулбалт зэрэг хүнд үеийг туулсан бөгөөд энэ талаараа YouTube бичлэгээрээ нээлттэй хуваалцаж байв. Өдгөө хосууд 2019 оны аравдугаар сард төрсөн охин Дрю Хейзел, 2021 оны долдугаар сард мэндэлсэн хүү Жетт Жеймс, 2023 оны арванхоёрдугаар сард төрсөн отгон хүү Барретт “Бийр” Мэдисон нарын хамт амьдарч байна. Түүнчлэн тэд хамтдаа “Couple Things” нэртэй подкаст хөтлөн явуулдаг юм.