Америкийн хөлбөмбөгийн лигийн (NFL) эхний таван долоо хоногийн дараах байдлаар 0-5 эсвэл 1-4 гэсэн тааруу амжилт үзүүлсэн багуудын хувьд энэ улирал үндсэндээ дууссан байх өндөр магадлалтай байна. Учир нь NFL-ийн түүхэнд ердөө долоон баг л 1-4 буюу түүнээс доош амжилттай эхлүүлээд плей-оффт шалгарч чадсан байдаг ажээ.

Энэ улиралд нэг буюу түүнээс цөөн хожилтой байгаа нийт найман багийн ойрын жилүүдийн ирээдүйн талаар EssentiallySports-ийн тоймч өөрийн үнэлгээ, дүгнэлтийг хүргэжээ.

Вашингтон Коммандерс: Дасгалжуулагчийн асуудал

Нийтлэлийг бичигчийн үзэж буйгаар Вашингтон Коммандерс багт дасгалжуулагчийн асуудал тулгараад байна. Тус багийн ахлах дасгалжуулагч Дэн Куинн өмнө нь Атланта багийг удирдахдаа тогтвортой амжилт гаргаж чадаагүй түүхтэй. Вашингтоны хамгаалалтын үзүүлэлт Куинний удирдлага дор лигт 18-аас дээш байрт орж байгаагүй бөгөөд нэг тоглолтод дунджаар алдах онооны хэмжээ нь өссөөр байгааг тоймч онцолжээ.

Багийн гарааны довтлогч (QB) Жейден Дэниэлс болон бусад бүрэлдэхүүн өрсөлдөх бүрэн чадвартай тул хэрэв тэд дасгалжуулагчаа сольж чадвал цаашдын ирээдүйд нь төдийлөн санаа зовох зүйлгүй хэмээн зохиогч үзэж, түгшүүрийн түвшнийг нь 4 гэж үнэлсэн байна.

Хьюстон Тексанс: Довтолгооны шийдэл үгүйлэгдэж байна

Харин Хьюстон Тексанс баг сайн бүрэлдэхүүнтэй хэдий ч довтолгооны тактик дуудлага болон гарааны довтлогч Си Жей Страудын тоглолт хангалтгүй байгааг тоймч тэмдэглэв. Түүний үзэж буйгаар Страудын дамжуулалтын статистик ямар байхаас үл хамааран тэрээр багийнхаа довтолгоог хангалттай өндөр түвшинд удирдаж чадахгүй байна.

Хэрэв Хьюстон довтолгооны зохицуулагчаа сольж, шинэ довтлогч олж чадвал хүчирхэг баг болох боломжтой ч драфтаас сайн довтлогч сонгох магадлал бага тул солилцоо хийх эсвэл чөлөөт агент найдахаас өөр аргагүй байгааг нийтлэлийн зохиогч дурджээ.