Тайландын уран бүтээлч, "Cutie Pie" төслийн од NuNew "2026 TMElive International Music Awards" наадмын үеэр Billboard сэтгүүлд ярилцлага өгч, өөрийн карьер болон уран бүтээлийн талаар хуваалцлаа.

Хонконг дахь "Kai Tak" цэнгэлдэх хүрээлэнд "Heartquake" зэрэг дуугаа дуулж үзэгчдийг баясгасан тэрбээр багаасаа л дуулах дуртай байсан ч 19-20 нас хүртлээ дуулж чаддаг гэдгээ мэдээгүй явснаа дурджээ. Тэрбээр бусад уран бүтээлчдийн дууг ковер хийж, хүмүүст түүний хоолой таалагдаж эхэлснээр өөрийн дууг гаргах хүсэл нь төрсөн байна. NuNew хөгжмийн ертөнцөд хүчтэй хөл тавихаасаа өмнө мэргэжлийн түвшинд жүжиглэж эхэлсэн туршлагатай юм.

Жүжиглэх болон дуулахын аль нь илүү сандаргадаг болохыг асуухад тэрбээр инээн "хоёулаа" гэж хариулжээ. NuNew тайлбарлахдаа: "Жүжиглэх үед дахин зураг авалт хийхийг хүсэж болох ба аажмаар улам сайжирдаг. Харин тайзан дээр амьдаар дуулахад ганцхан л боломж олддог. Хэрэв та алдаа гаргавал тэгээд л дуусна. Гэхдээ энэ нь өөр байдлаар маш сэтгэл догдлом байдаг" хэмээн онцолсон байна.

Мөн тэрбээр Тайландын дуучин, ая зохиогч Bowkylion-той хамтран гаргасан "Kata" хэмээх хослол дууныхаа талаар ярьжээ. Түүний хэлснээр уг дуу нь нүдэн дээр нь хайртай хүн нь өөр хүнд сэтгэлтэй болсныг харсан ч түүнтэйгээ үргэлжлүүлэн хамт байхын тулд өөрийгөө хуурахыг зөвшөөрч буй гунигтай утгыг агуулдаг аж. Гэсэн хэдий ч Bowkylion уг дууны хөгжмийн найруулгыг арай гэгээлэг, эерэг уур амьсгалтай болгон өөрчилсөн гэдгийг NuNew хуваалцсан байна.