Криптовалютын бирж OKX болон Нью-Йоркийн хөрөнгийн биржийн толгой компани болох ICE-ийн хамтарсан «OKXICE» төсөл дээр өөрсдийн хувьцааг токенжуулахыг нийт 50 томоохон компани эсэргүүцээд байна.

Аравдугаар сарын 30-ны байдлаар энэхүү эсэргүүцэлд Nvidia, Nike, Costco, Micron, Reddit зэрэг 12 компани нэмэгдсэн байна. Тэднээс өмнө Microsoft, Alphabet, JPMorgan Chase, Goldman Sachs, Walmart, Broadcom, Verizon, Intel зэрэг дэлхийн гигантууд уг жагсаалтад багтаад байсан юм. OKXICE-ийн анх токенжуулахаар санал болгосон 62 компанийн 43 нь буюу бараг 69 хувь нь эсрэг байр суурь илэрхийлжээ.

Хувьцааг токенжуулах дүрэм ба эсэргүүцэл

АНУ-ын Үнэт цаас, биржийн хорооноос (SEC) 9-р сарын 17-нд баталсан таван жилийн «Инновацын хөнгөлөлт»-ийн дагуу токенжуулсан үнэт цаасны платформууд нь албан ёсны биржээр бүртгүүлэхгүйгээр автомат маркет мейкерээр дамжуулан хувьцааг арилжаалах боломжтой болсон юм. Ингэхдээ тухайн компанид 30 хоногийн мэдэгдэл өгдөг бөгөөд хэрэв энэ хугацаанд бичгээр эсэргүүцэл илэрхийлэхгүй бол автоматаар зөвшөөрсөнд тооцдог аж.

OKXICE нь хувьцаагаар нэг бүрчлэн баталгаажсан токеныг USDC зэрэг тогтвортой койноор өдөр шөнөгүй (24/7) арилжаалах төлөвлөгөөтэй байгаа юм. Эсэргүүцсэн компаниуд тодорхой шалтгаанаа тайлбарлаагүй ч JPMorgan-ийн зүгээс токенжуулалтыг дэмжиж байгаа ч хувьцаа нь хэрхэн төлөөлөгдөж, арилжаалагдах тал дээр маш нухацтай хандахыг хүсэж байгаагаа илэрхийлжээ. Ava Labs-ийн токенжуулалтын хэлтсийн тэргүүн Оливия Ванде Воуде татгалзах үйл явц хялбар байгаа тул эсэргүүцэгчдийн тоо цаашид ч өсөх магадлалтай гэж үзсэн байна.

Платформуудын өрсөлдөөн

Энэхүү маргааны цаана хөрөнгийн зах зээлийн өрсөлдөөн ч өрнөж байна. «Crypto in America»-ийн мэдээлснээр, Nasdaq биржийн төлөөлөгч нэгэн компанид хандан OKXICE-ийг эсэргүүцэхийг уриалсан гэх мэдээлэл гарчээ. Nasdaq уг мэдэгдэлд шууд тайлбар өгөөгүй ч энэ төрлийн платформууд нь зах зээлийн хөрвөх чадварыг сарниулж болзошгүй гэж үзэж байгаагаа онцолсон юм.

Nasdaq өөрөө Kraken биржтэй хамтран Nasdaq Equity Token төслийг хөгжүүлж байгаа бөгөөд үүнийгээ 2027 оны хоёрдугаар улиралд гаргахаар төлөвлөжээ. Харин OKXICE-ийн хамтран дарга, Нью-Йорк мужийн амбан захирагч асан Эндрю Куомо эдгээр эсэргүүцлийг шинэ зах зээлийн бүтцийн эхлэл үед гарч буй «жам ёсны хариу үйлдэл» хэмээн тодорхойлсон байна.