Нью-Йоркийн хөрөнгийн биржийг (NYSE) эзэмшигч Intercontinental Exchange (ICE) болон крипто бирж OKX нар Уолл Стритийн зах зээл хаагдсан үед ч АНУ-ын токенжуулсан хувьцаануудын үнэ шинэчлэгдэж байх 24/7 арилжааны платформ нээхээр бэлтгэж байна.
Эдгээр компаниудын 50-50 хувийн хамтарсан OKXICE компани АНУ-ын Үнэт цаас, биржийн хороонд (SEC) шинэ Инновацын чөлөөлөлт (Innovation Exemption) журмын дагуу Токенжуулсан үнэт цаасны талбар (Tokenized Securities Venue) байгуулах хүсэлтээ 10-р сарын 4-нд мэдэгджээ. Санал болгож буй уг платформ нь эхний ээлжинд 63 үнэт цаасыг дэмжихээр төлөвлөж байгаа бөгөөд үүнд Nvidia, Tesla, Apple, Microsoft, JPMorgan, Goldman Sachs, Coinbase болон Circle зэрэг багтсан байна.
24/7 арилжааны бүтэц ба үнэ тогтоолт
Энэхүү төсөл нь уламжлалт хөрөнгийн зах зээл хаагдсан шөнө болон амралтын өдрүүдэд ч АНУ-ын хамгийн идэвхтэй арилжаалагддаг зарим компаниудын хувьцааг долоо хоногийн 24 цагийн турш арилжаалах зэрэгцээ талбарыг бий болгох юм. Ингэснээр үндсэн биржүүд дахин нээгдэх үед үнэ ямар түвшинд шилжиж болох талаарх баримжаа мэдээллийг зах зээлд өгөх боломжтой.
OKXICE-ийн ухаалаг гэрээнүүд нь үнийг тодорхойлохдоо NYSE эсвэл Nasdaq-ийн үнэд найдахгүй бөгөөд автоматжуулсан маркет мейкер (AMM) хөрвөх чадварын сан дахь хөрөнгийн харьцаагаар үнэ тогтоно. Жишээлбэл, хагас сайн өдөр Nvidia эсвэл Tesla-тай холбоотой чухал мэдээ гарвал хөрөнгө оруулагчид токенжуулсан хувьцаагаа стэйблкойноор арилжаалах боломжтой болох аж.
Эрсдэл ба зохицуулагчийн шаардлага
OKXICE-ийн хамтран дарга, Нью-Йорк мужийн амбан захирагч асан Эндрю Куомо үүнийг "жинхэнэ утгаараа дэлхийн 24/7 Уолл Стрит рүү чиглэсэн түүхэн алхам" гэж тодорхойлсон бол OKX-ийн үүсгэн байгуулагч бөгөөд гүйцэтгэх захирал Стар Сю "Уолл Стрит ончейн рүү шилжиж байна" хэмээн онцолжээ.
SEC-ийн зүгээс шөнийн цагаар явагдах токенжуулсан хувьцааны арилжаа нь уламжлалт биржүүдийн хөрвөх чадвар, үнэ тогтоолт болон нээлт, хаалтын үйл явцад хэрхэн нөлөөлөх талаар олон нийтээс санал авч байна. Мөн токенжуулсан хувьцаа болон суурь хувьцааны хооронд үнийн зөрүү үүсэх эрсдэлийг анхааруулсан байна. OKXICE-ийн баримт бичигт дурдсанаар, токен гаргагч гуравдагч талууд эргэлтэд буй нэг токен бүрд ногдох нэг суурь хувьцааг заавал хадгалах ёстой бөгөөд токенууд нь ногдол ашиг, санал өгөх эрх зэрэг эдийн засгийн болон засаглалын бүх эрхийг тэгш хадгалах шаардлагатай аж.